top banner

Иргэдийн гаргасан санал хэрхэн ажил хэрэг болж байгаад дүгнэлт хийж байна


2018-06-07 11:51:33
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ "Хан Хэнтийчүүдийн шинэ санаа, шинэ шийдэл" ухаалаг дэвтэрт бичигдсэн иргэдийн саналыг үнэлэх ажлаар энэ сарын 5,6-ны өдрүүдэд тус аймгийн ИТХ-ын ажлын алба Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн суманд ажиллалаа.

Удирдамжийн хүрээнд сумын иргэдтэй уулзаж, дэвтэрт бичсэн санал нь хэрхэн хэрэгжиж байгаа талаар иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, шинэ санаа гаргасан иргэдэд талархал илэрхийлжээ. Энэ үеэр ажлын хэсэг дээрх сумдаас саналын дэвтэрт саналаа бичсэн нийт 76 иргэнтэй биечлэн уулзах, утсаар холбогдож хэрэгжсэн ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Иргэд ч өгсөн саналынх нь талаар эргэж холбогдож, хэрэгжилтийг шалгаж байгаад талархал илэрхийлж байсан аж.

Иргэдийн гаргасан санал, өргөдөл гомдлыг төрийн байгууллагууд хэрхэн үнэлж, ажил хэрэг болгож байгаа талаар үнэлэлт, дүгнэлт хийх ажлын хэсэг  ойрын хугацаанд дараагийн сумдад ажиллах юм байна.

“Хэнтийн мэдээ” сонины редакц жил бүр зохион байгуулдаг “Оны есөн алдартан” шалгаруулах арга хэмжээнийхээ нэрэмжит “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл”  ухаалаг дэвтрийг санаачлан, Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн жил аялуулжээ.

Энэхүү санаачлагыг Хэнтий аймгийн ИТХ дэмжин ажиллаж, 126 ширхэг дэвтрийг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгон, 83 баг, Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн 75 байгууллагаар нэг сарын хугацаанд аялуулахад 1785 иргэн 2006 асуудал, 6022 санал бичиж ирүүлсэн байна.

Иргэдийнхээ гаргасан эдгээр санал шийдлийг тус аймгийн ИТХ бодлого шийдвэртээ тусган ажиллаж байгаа бөгөөд ирсэн саналуудыг эрэмбэлэн ангилж, холбогдох байгууллагын удирдлагуудад нь хүргүүлжээ.
Д.Одонтунгалаг


Монгол брэнд