top banner

Баруун таван аймгийн спортын салбарынхан Баян-Өлгийд зөвлөлдөж байна


2018-06-07 13:02:09
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод "Биеийн тамир, спортын эрх-зүйн шинэчлэл-тогтвортой хөгжил" сэдэвт бүсийн сургалт, зөвлөлгөөн болж байна.

Өчигдөр /2018.06.06/ эхэлсэн уг арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар нь аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Зөвлөлгөөнд баруун таван аймгийн биеийн тамир, спортын удирдах ажилтнууд, багш, дасгалжуулагчид зэрэг 100 гаруй хүн оролцож байна.

"Саяхан Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүнийг дагаад найман журам шинэчлэгдэж гарч байна. Энэ журмуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг ярилцаж, Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах цогц бодлого болон бусад журмын төслүүдэд санал авч байна.  Мөн хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн төвшин тогтоодог сорил явуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг байдаг. Шинэ хуулийн дагуу үүнд стандарт тогтоох шаардлагатай байгаа. Бүх оролцогчдын стандартын төсөлд оруулах саналыг нь сонсож байна" гэдгийг  Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын бодлогын хэлтсийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар хэллээ.   

Орон нутгийн оролцогчдын зүгээс биеийн тамир, спортын зал, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэл, материалаар хангах, салбарын төсвийг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тавьж байна.

Сургалт зөвлөлгөөн маргааш өндөрлөнө.

Ө.Нурболат


Монгол брэнд