top banner

Засаг дарга Д.Галсандондог хилийн боомтод тулгамдаж буй асуудлаар саналаа уламжлав


2018-06-07 14:20:31
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Алтайн бүс нутгийг тойрон аж төрдөг Казахстан, Хятад, Орос, Монгол Улсын 6 субъект хамтран байгуулсан “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр Ховд аймагт эхэллээ.
Тус хуралдаан Ховд аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа БНХАУ, ОХУ, Казахстан улс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгаас нийт 50 гаруй төлөөлөгч оролцож байна.
Хуралдааны үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын тэргүүн, Засгийн газрын дарга А.В.Бердников, ОХУ-ын Алтайн хязгаарын Хууль тогтоох чуулганы орлогч дарга С.Н.Серов, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Их Хурлын байнгын хорооны орлогч дарга Ван Юун Мин, Дорнод Казахстан улсын Бүс нутгийн аялал жуулчлал ба гадаад харилцааны хэлтсийн жуулчны мэдээллийн төвийн захирал Рамазанов Сымбат, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар мэндчилгээ дэвшүүллээ.
Тус хуралдааны гол зорилго нь Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Алтай бидний нийтийн гэр” Олон Улсын зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг батлах, Олон Улсын зохицуулах зөвлөлийн ээлжит даргалагч тал болон 2019 оны ажлын хурлыг зохион байгуулах газрыг тогтооход чиглэж байна.

Хуралдааны хүрээнд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог “Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, дэд бүтэц, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ, хилийн боомт дахь тулгамдаж буй зарим саад бэрхшээлийн талаар хамтран ажиллах санал уламжлав. Тэрээр Бүс нутгийн аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдэд хамтарч оролцож, нэгнийгээ дэмжиж байх, Хилийн боомтуудын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэд, жуулчдад түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, хил дээр виз олгодог болох, Босоо тэнхлэгийн авто замын ашиглалт, ложистикийн төв байгуулах талаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, Олон улсын нислэгийн шугам нээж, тууштай ажиллуулах |Ховд-Үрүмч хот, Баян-Өлгий-Астана гэх мэт|, Хүнс, хөдөө аж ахуйн салбар, газар тариалан болон мал аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий болгох, Эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, “Эмч солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах, Бүс нутгийн их, дээд сургуулиудын хооронд багш, оюутан солилцох хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм.
Үүнээс гадна “Алтай-Бидний гэр” Олон улсын зохицуулах зөвлөлийн 2017-2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлан болон хамтын үзэл баримтлалын уялдаа холбоог 2025 он хүртэл зохицуулах тухай, Их Алтайн бүс нутгийн ”Эдийн засгийн зөвлөл” байгуулах тухай, “Алтайн алтан уулс” хил дамнасан аялал жуулчлалын маршрутын тухай, “Хил дамнасан Алтай” олон улсын сайтын үйл ажиллагааг сайжруулах тухай хэлэлцэж, харилцан санал солилцож байна.
А.Бямбасүрэн

Монгол брэнд