top banner

Дэлхийн банк Хятадад төсөл хэрэгжүүлэх зээл олгоно


2018-06-07 15:32:03
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-д хэрэгжүүлэх усны нөөцийн менежментийн төсөлд Дэлхийн банкнаас нийт 600 сая ам.долларын гурван хэсэг зээл олгохоор шийдвэрлэсэн тухай пүрэв гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Дэлхийн банкны Хятадын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Бэкэлэ Дэбэлэгийн мэдэгдснээр, уг төслүүд нь шинэ санаа нэвтрүүлэх, усны менежмент, үйлчилгээний олон улсын сайн туршлагыг нутагшуулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн орон нутгийн хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

"Усны нөөцийн хомсдол нь Хятадын тогтвортой хөгжилд тулгараад буй хүндхэн сорилтуудын нэг юм. Усны бохирдол нь эдийн засаг, экологи хийгээд эрүүл мэндийн салбарт ноцтой нөлөөлж байна" гэж Б.Дэбэлэ онцлон тэмдэглэжээ.

Дэлхийн банкнаас Циандао нуур, Синань голын сав газрын усны нөөц, байгаль орчныг хамгаалах төсөлд 150 сая ам.долларыг, Жианси мужийн хот, тосгодын усан хангамж болон бохир усны менежментийн төсөлд 200 сая ам.долларыг, Ляонинь мужид аюулгүй, тогтвортой усан хангамж бүрдүүлэх төсөлд 250 сая ам.долларын зээлийг тус тус олгох аж.
Э.Хулан

Монгол брэнд