Алтайн Анагаах ухааны сургуулийг 293 оюутан төгслөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-06-07 15:54:25
Говь-Алтай /МОНЦАМЭ/ АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд 12 мэргэжлээр 293 оюутан суралцан эрүүл мэндийн салбарын боловсон хүчнээр төгсчээ.
Тус сургуулийн 48 дахь удаагийн төгсөгчид болсон энэ залуус эх орныхоо хэрэгцээт газарт хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн ариун манаанд зогсохоор тангараг өргөн төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, оюунлаг, чадварлаг, хүнлэг сэтгэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн байна гэдгээ төгсөлтийн баярын үеэр илэрхийллээ.
Төгсөгчдийг мэргэжлээр нь авч үзвэл: Их эмчийн мэргэжлээр 82, Лабораторийн техникчээр 17, Эм найруулагчаар 21, Уламжлалт анагаахын сувилагчаар 5, Уламжлалт анагаахын бага эмчээр 16, Сувилагчаар 59, Эх баригчаар 27, Шаталсан бакалаврын сувилагчаар 48, Шаталсан бакалаврын эх баригчаар 14, Туслах сувилагчаар 3 оюутан төгсөж байна. 
АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль нь хагас зууны туршид анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, баруун бүс нутагтаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж буй төрийн өмчийн сургууль гэгдээрээ онцлогтой билээ. Тус сургууль нь байгуулагдсанаасаа хойш нийт 7380 оюутан суралцан төгссөн тухай Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны арга зүйч Ц.Гиймаа онцлон мэдээлэв. 
 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ