Хүүхдийн зургийн үзэсгэлэнгийн орлого хүүхдүүдэд дахин суралцах боломж олгоно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-06-07 17:36:58

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Урлахуй ухаан” дугуйлангийн бяцхан суралцагчдын “Бидний ертөнц” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийлээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан гаргасан тус үзэсгэлэнд Урлахуйн ухаан дугуйлангийн 3-15 настай хүүхдүүдийн 120 гаруй бүтээл дэлгэж долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болжээ. Анхны бүтээлээ нийтийн хүртээл болгож буй бяцхан зураачид энэ удаагийн үзэсгэлэнд байгаль, эцэг эх, гэр бүлийн харилцаа, амьтдыг хайрлах хүний нинжин сэтгэлийн тухай дүрслэн зуржээ. Үзэсгэлэнгийн 30 гаруй бүтээлийг багш, эцэг эхчүүд нь худалдан авч, үзэсгэлэнгээс олсон орлогоо дугуйланд суралцаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сонирхсон дугуйланд нь суралцах боломжийг олгоход хандивлах ажээ. "Урлахуй ухаан” дугуйлангийн багшаар урлаг судлаач, зураач М.Анхцэцэг ажиллаж байгаа бөгөөд тус дугуйлан долоо хоногийн хоёр өдөр хичээллэж 57 хүүхэд суралцаж байгаа юм байна. Тус дугуйлангийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сард багтааж дахин гурван суманд дэлгэн үзүүлэхээр болжээ.
Хүүхдийн хөгжил, хамгаалал-Бүх нийтийн үйл хэрэг байдаг. Тиймээс хүүхдүүдийг зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөхөд нь туслах зорилгоор явуулын дугуйланг сумдаар явж хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн багш, урлаг судлаач, зураач М.Анхцэцэг мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ