top banner

Баян-Өлгийн Хөгжимт драмын театр 21 аймгаар аялан тоглолт хийнэ


2018-06-08 00:13:23
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын хамт олон орон даяар аялан тоглолт хийхээр болжээ.

Энэ талаар тус театрын дарга Б.Асылбек мэдээллээ. Тэрээр "Манай театр 1987 оноос хойш 21 аймгаа тойрон аялан тоглолтод гараагүй байна. Хамгийн гол зорилго маань Монголын казахуудын соёл, урлагийг сурталчлах явдал юм. Эхний ээлжид зүүн болон төвийн бүсийн 10 аймгийн төв, зам дагуух 50 орчим суманд тоглоно" гэдгийг тэрбээр онцоллоо.

Аялан тоглолтыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгаануудын улмаас хойшлогдон ирэх есдүгээр сард гарахаар болжээ. Эхний тоглолт Дорнод аймагт болох юм байна. Уран бүтээлчдийн бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд одоо ивээн тэтгэгчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр нь 1930 онд байгуулагдсан Улаан гэр, 1936 онд Ховд аймагт байгуулагдсан Бага ястны клубт үндэслэгдэн 1940 оны 10 дугаар сард "Аймгийн клуб" нэртэйгээр байгуулагджээ. 1955 онд Хөгжимт Драмын Театр болон өргөжсөн байна. Эдүгээ 71 хүний бүтэц орон тоотой, 23 хүний бүрэлдэхүүнтэй казахын найрал хөгжмийн оркестртэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Ө.Нурболат



Монгол брэнд