top banner

Хараа голын төмөр бетон гүүрийг засч байна


2018-06-08 00:17:49
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2018 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, “Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, инженерүүд танилцлаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 метр урт төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхэлсэн аж.

Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү өнөөдөр засварын ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамны санхүүжилтээр “Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна.

Засвар арчлалтын ажил 2019 оны 10 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч энэ ондоо багтаан хийж дуусгахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Засвар хийх явцад тус гүүрийг бүрэн хаах саналыг энэ өдрийн уулзалтын үеэр тус гүйцэтгэгч компани тавьсан бөгөөд орон нутаг хэрхэн шийдвэрлэх талаар судлахаар боллоо.

Өнгөрсөн хугацаанд Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрний хамгаалалтын бетон эвдэрч ажлын арматур ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам нэмэгдсэн байсан юм.

Дээрх гүүрийг засах ажил нэг хэсэг эзэнгүйдээд байсан юм. Ширээний нуруунд амьдардаг 3000 иргэн Дархан сумын 1,2,3 дугаар багын иргэд юм. Гэтэл газар олгох, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах эрх бүгд Сэлэнгэ аймагт шийдэгддэг аж. Амьдарч буй хүн ам, эрхэлж буй ажил нь Дархан-Уул аймагтай холбоотой тул тухайн газрын оршин суугчид Ширээ нурууны газар нутгийг Дархан-Уул аймагт шилжүүлэх талаарх саналыг УИХ-ын гишүүд удаа дараа тавьж байсан ажээ. Гэвч энэ нь хоёр аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүдийн эрхийн асуудал биш гэнэ. Харин энэ бүгдээс шалтгаалан эзэнгүйдээд байсан гүүрний асуудлыг 2011 оноос эхлэн засварлах тухай яригдсаны эцэст ийнхүү сая биеллээ олж байна.

 
Л.Отгонбаатар



Монгол брэнд