top banner

Бэлчээр менежментийн төлөвлөгөөний төслийг иргэдээр хэлэлцүүлж байна


2018-06-11 12:08:12
Зураг

Хэнтий /МОНЦАМЭ/ Мерси Кор ОУБ-аас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” LTS2 төслийн хүрээнд Баянмөнх, Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумдад Бэлчээр менежментийн төлөвлөгөөтэй болох ажлыг зохион байгуулж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд Хэнтий аймгийн ГХБХБГ, ХХААГ хамтран ажиллаж байгаа аж. Тус төслийн хүрээнд дээрх сумдад “Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулжээ. Түүнчлэн тухайн сумын ИТХ-ын хуралдаанаар батлуулж, бодлогын баримт бичигтэй болгохоос гадна Бэлчээрийн чиглэлээр ажилладаг холбогдох мэргэжилтэн, сум орон нутгийн эрх бүхий талуудын уялдаа холбоо, оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд бэлчээр менежментийн төлөвлөгөө боловсруулах сургалтыг өнгөрөгч сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулж, сумдын ИТХ, ЗДТГазар, багийн Засаг дарга, малчдын төлөөлөл гээд сум тус бүрээс 20 хүн хамрагдлаа.

Сургалтаар сумдын ажлын хэсэг, малчдын төлөөллүүд бэлчээрийн даацаа тодорхойлох, бэлчээрийн менежментийн зорилго, зорилт, бэлчээрт учирч байгаа аюул заналаа тодорхойлох, түүнээс гарах арга зам, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, газрын зураг дээр хэрхэн ажиллах арга зүйд суралцаж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Цаашид Бэлчээр менежментийн төлөвлөгөөний төслийг иргэдээр хэлэлцүүлэх, малчдын саналыг тусгах ажлууд үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд Баян-Овоо суманд Хэрлэн голын сав газрын захиргаанаас Хэрлэн голын нуга татмын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллаж байна.

Д.Одонтунгалаг


Монгол брэнд