top banner

Манай сагсанбөмбөгчид өнөөдөр Бразил, ОХУ-ын багтай тоглоно


2018-06-11 12:42:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИВА-гаас зохион байгуулж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Филиппин улсын Манила хотод энэ сарын 08-12-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцож байгаагаас Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан. ДАШТ-ий хоёр дахь өдөр Монгол Улсын баг Канад, Филиппиний багтай тоглож, анхны хожлоо авч түүхэн ялалтыг авснаар монголчууд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд гарсныг нотолж чадсан юм.
50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д манай залуус эхний тоглолтоо Канадын багтай хийж, 21:15 онооны харьцаагаар ялагдсан. Тэгвэл хоёр дахь тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Филиппин улсын баг байсан юм. Олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожих хүндхэн даалгавартай гарсан Монгол Улсын баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, 21:15 онооны харьцаагаар үндсэн цаг дуусахаас өмнө ялалт авсан. Энэхүү ялалтын дараа олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Токио 2020” олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр оролцох боломжтой гэдэг итгэл найдварыг өгсөн билээ.

Тэгвэл өнөөдөр С.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцож буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Мөн энэхүү тоглолтоос шалтгаалан цааш өрсөлдөх багууд тодрох юм. Учир нь “С” хэсгийг Канад хоёр хожил авсан амжилтаар тэргүүлж байгаа бол ОХУ, Монгол, Филиппин нэг хожлоор удаалж байна. Харин Бразилийн залуус эхний хоёр тоглолтоос хожил авч чадаагүй байгаа. Монгол-ОХУ, Монгол-Бразилийн тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:30, 17:10 цагт  болно.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтсан юм.

Дашрамд дурдахад, ФИБА 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 192 байр ахиж, тавдугаарт эрэмбэлэгдэж эхэлсэн.
Ж.Болор


Монгол брэнд