top banner

“МУИС Хакатон- 2018” шинэлэг санаа, санаачилгыг шалгаруулна


2018-06-11 13:56:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриан дор тус сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “Хакатон-2018” уралдаан өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү уралдааныг бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шинэлэг арга замаар шийдвэрлэхэд чиглэсэн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, түүнийг хэрэгжүүлэх, гарааны бизнесээ эхлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна оюутнууд ажлын байраа бий болгох зорилгоор 2017 онд  анх “Icarrier”, МУИС хамтран зохион байгуулж байв. Харин энэ жилийн уралдаан нь 48 цагийн турш МУИС-ийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сайжруулах, соёлыг төлөвшүүлэхэд чиглэжээ. 
Энэхүү уралдаан нь нийт хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь оюутнууд өөрсдийн шинэлэг санаагаа нэг минутын хугацаанд танилцуулж багаа бүрдүүлнэ. Хоёрдугаарт нь бүрдсэн баг хамт олон 48 цагийн хугацаанд бизнесийн санаагаа хэрэгжүүлэх юм.
“72  цагийн дотор хэн хамгийн хурдан кодоо бичиж дуусгах вэ” гэсэн IT хөгжүүлэгчдийн санаанаас үүсэлтэй уг уралдаанд дэвшүүлж буй шинэ санал санаачилгыг авч үзвэл, гарааны бизнес эхлүүлэгчдэд зориулсан оффис байгуулах, бие дааж суух анги танхимаа цахимаар захиалах хүснэгт нээх, МУИС-ийн нэгдсэн аппликейшн бий болгох зэрэг цаг үетэйгээ хөл нийлүүлэн цахимжуулах хүсэлтэй нь харагдаж байв.
Нийт 16 оюутан шинэ санаагаа танилцуулснаас хамгийн хурдан хугацаанд багаа бүрдүүлж, хэрэгжүүлсэн нь батламж санхүүжилтийн эрхийг авах аж. Шилдгийг  48 цагийн дотор тодруулж 3 сарын турш шалгарсан санааг нь хэрэгжүүлэх юм.

Хакатон гэдэг нь “хак” буюу цахим сүлжээнд эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэх гэсэн үгнээс үүсэлтэй аж.
 
Э.Энхсаруул
 

Монгол брэнд