top banner

Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ


2018-06-11 17:19:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна.

Засгийн газрын 126 дугаар тогтоолын дагуу ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахалж, орлогчоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж буй. Зохион байгуулах комиссын хурал өнөөдөр БСШУСЯ-нд болж, ойн арга хэмжээг энэ оны турш хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн гаргалаа. Энэ хүрээнд БСШУСЯ, Үндэсний түүхийн музей, Үндэсний архивын газар, “Хичээнгүй сайд сан” ТББ хамтран “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнг энэ сарын 15-27-нд дэлгэн олон нийтэд үзүүлнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болох юм.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” марк хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр боллоо.

Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд Гадаад харилцааны яамнаас түүхэн ойн арга хэмжээнд ач холбогдол өгч, түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулахаар тогтов. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн Улаанбаатар хотод байх хөшөөнд Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусах төлөвлөгөө гарлаа.


Монгол брэнд