top banner

Баруун бүсийн эрчим хүчний салбарын спорт наадам эхэллээ


2018-06-12 09:42:31
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ “Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК”-ийн үүсч хөгжсөний 70 жил, “Дөргөний Усан цахилгаан станц” үүсч хөгжсөний 10 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойг тохиолдуулан  Баруун бүсийн аймгуудын Эрчим хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын туршлага солилцох, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, эрчим хүчний салбарын уялдаа холбоог сайжруулах, ажилтан албан хаагчдыг биеийн тамир, спортод өргөнөөр хамруулах, идэвхжүүлэх зорилгоор “Баруун бүсийн Эрчим хүчний ажилтнуудын спортын наадам-2018” арга хэмжээг энэ оны 06 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
“Баруун бүсийн Эрчим хүчний ажилтнуудын спортын наадам-2018” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Ховд Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг Ховд аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгууллаа.
Спортын наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Арстан болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, Ховд, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрчим хүчний салбар байгууллагуудын удирдлагууд оролцож, нийт баг тамирчдад амжилт хүссэн юм. Энэ удаагийн спортын наадамд 7 аймгийн 12 багийн 300 гаруй тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шатар гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж байна. Тэгвэл Баруун бүсийн Эрчим хүчний ажилтнуудын "Спортын наадам"  гар бөмбөг, ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй төрлөөр эхэллээ.
А.Бямбасүрэн

Монгол брэнд