top banner

Талын нүүдэлчдийн уламжлалыг өгүүлсэн ном уншигчдын гарт очлоо


2018-06-12 10:09:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монсудар хэвлэлийн газраас "Соён гэгээрлийн өдрүүд"-ийг энэ сарын 11-18-нд зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд "Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал", "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх" номын нээлт боллоо.
Монголчууд цувралын шинэ боть "Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал" ботид Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цаг үеэс XII зуун хүртэлх түүхийг зургаар өгүүлсэн бөгөөд Монсудар хэвлэлийн газар, МУИС, ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин амьдралын хэв маяг тусдаа салж хөгжих эхлэл тавигдсан Хүрлийн үе, нүүдэлчийн анхны төрт улсыг байгуулсан төдийгүй хожмын монголчуудын шууд өвөг дээдэс болсон Хүннү гүрэн, Евразийн хээр талд өөрсдийн өвөрмөц түүхийг бүтээсэн Сяньби, Жоужань, Түрэг, Уйгур, Хятаны түүхийг археологийн олдвор хэрэглэгдэхүүн, хөрш зэргэлдээ улс түмний түүх сурвалжаар тодруулан өгүүлсэн байна.
Энэхүү ном агуулгын хувьд түүхийн асар урт цаг хугацааг хамарч байгаа ч монгол угсаатан бүрэлдэн тогтоход өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан эртний нүүдэлчдийн түүхийг 8 бүлэгт багтаажээ. Өөрөөр хэлбэл 800 мянган жилийн тэртээ өнөөгийн Монгол нутгаар хэрэн хэсч асан эртний хүмүүсээс эхлээд ахуй соёлын хувьд нэгэн нийтлэгийг бий болгож, нэгдмэл улс төрийн хүчин болсон Их Монгол Улс байгуулагдахын өмнөх үеийн нүүдэлчин ард түмний түүхийг энгийн ойлгомжтой бичлэгийн хэв маягт буулган өгүүлжээ. Мөн нэн эртний хүмүүс байгаль цаг уурын ямар орчин нөхцөлд хэрхэн амьдарч байв, орчин тойрноо хэрхэн танин мэдэж, ямар зүйлд сүслэн биширч, юунаас айж жигшин, хөгжлийн ямар замыг туулж ирэв гэдгээс эхлээд түүхэн цаг үе бүрт амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж асан эд өлгийн дурсгал, идэж ууж байсан хоол хүнс, бичиж тэмдэглэсэн түүхийн тухай өгүүлнэ.

Эрт цагаас үлдэж хоцорсон булш оршуулга, хиргисүүр, буган хөшөө, хүн чулуу зэрэг дурсгал бидэнд түүхийн ямар нууцыг өртөөлөн хадгалсныг хийгээд бидний өвөг дээдэс хэрхэн амьдарч ирснийг уг номоос цогцоор нь мэдэх боломжтой.
Харин "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх" ном нь түүх бичлэгийн шинэ хандлагыг тунхаглан дэлхий дахинд бэстселлер болж буйгаараа онцлогтой юм.

Ж.Болор


Монгол брэнд