top banner

Монголын сагсчид ФИБА 3х3 ДАШТ-д шилдэг наймд шалгарав


2018-06-12 10:30:32
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Филиппиний Манила хотод болж буй ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид шилдэг наймд шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон. Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдсэн юм. Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөнө. Энэхүү тоглолт 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д Улаанбаатарын цагаар 12:50-д эхэлнэ.

ФИБА 3x3 ДАШТ-ий шөвгийн наймд Монгол, Серб, Латви, Словени, Канад, Польш, Укриан болон Нидерландын баг багтсан. Ази тивийг төлөөлөн Монгол Улсын баг ийнхүү ганцаараа үлдлээ. Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, цааш медалийн төлөө өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням нар ур чадвараа сорьж, дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

Манила хотод болж буй ФИБА 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Ж.Болор



Монгол брэнд