top banner

Баруун бүсийн аймгуудын ИТХ-ын сонгуультан ажилтнууд хамтран ажиллаж туршлага солилцоно


2018-06-12 11:31:50
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт болж 80 гаруй төлөөлөгч оролцон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаарх мэдээллийг өгч туршлага солилцон, баруун бүсийн аймгуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэд хэдэн асуудал дээр санал солилцжээ. 

Тухайлбал аймгуудын ИТХ-ын хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудыг чадавхжуулах бүсийн сургалтыг зохион байгуулах, аймаг хоорондын хил, отрын бүс нутаг бэлчээрийн асуудлыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэж нөхөн сэргээхэд хамтран оролцох, бүс нутгийн нэмэгдэл дээр нэгдсэн бодлоготой ажиллах, ажилтнуудыг туршлага судлуулан солилцох гэхчлэн асуудлуудыг ярилцжээ. Мөн үеэр аймгуудын ИТХ-аас “Үйлдвэрлэл, үйлчилгээний талаар гаргаж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр харилцан мэдээлэл өгсөн бол “Шинэ Ази” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Төрбаяр “Хөгжлийн загвар-Шинэ бүс” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Завханы ИТХ-ын баг шилжин явах цомыг хүртлээ


Баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн энэ үеэр болж  спортын долоон төрлөөр өрсөлджээ.
Дартсын тэмцээн аймгийн ИТХ-ын дарга нарын дунд болж тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн Т.Ганзориг, дэд байрыг Увс аймгийн Э.Насанбат, гутгаар байрыг Ховд аймгийн Г.Пүрэвганди нар тус тус эзэлжээ. Харин ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Завхан аймгийн Б.Эрдэнэбаатар, дэд байрыг Ховд аймгийн Х.Болдбаатар,  гутгаар байрыг Увс аймгийн Д.Доржготов нар тус тус эзлэж эмэгтэй тамирчдаас тэргүүн байрыг Завхан аймгийн Г.Цогзолмаа, дэд байрыг Увс аймгийн Я.Цэрэндулам, гутгаар байрыг Хөвсгөл аймгийн Ж.Ариунаа нар тус тус эзлэв. Мөн шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Баян-Өлгий аймгийн  н.Гажейв, эмэгтэй шатарчдаас тэргүүн байрыг Завхан аймгийн Д.Одгэрэл нар хүртэж буудлагын тэмцээнд эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Завхан аймгийн Г.Бадамхатан, эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Говь-Алтай аймгийн М.Амгалан нар тус тус хүртэв. Сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Завхан аймгийн ИТХ-ын баг, гар бөмбөгийн төрөлд тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын баг эзэлж олс таталтын тэмцээнд тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын баг хүртэж багийн дүнгээр Завхан аймгийн ИТХ-ын баг тэргүүлж шилжин явах цомыг хүртжээ. Удаах байруудад Говь-Алтай, Хөвсгөл аймгийн ИТХ-ын багууд шалгарчээ.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд