top banner

Монгол, Тайваний Ротари клуб монголчуудын нүдний харааг хамгаалахад хувь нэмэр оруулав


2018-06-12 16:07:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваний “Сунрэн” ротари клуб Монголын “Улаанбаатар” ротари клубтай хамтран энэ сарын 9-нд АШУҮИС-д “Сул харааны төв”-ийг байгуулж, харах чадвараа алдахаас сэргийлэх, нүдний харааг хамгаалах үйлчилгээ үзүүллээ.

“Сунрэн” ротари клубын Тэргүүн Ван Вэн Чөн “Сул харааны төв”-ийн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Тус ротари клуб нь үнэнч шударга, сайн санааны, гоо сайхан нийгмийг бүтээн байгуулах эрмэлзлийн дор 2016 оноос эхлэн Монгол дахь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж, нүдний эмч нарын сургалт, нийгмийн зорилтот бүлгийн харааны чадварыг нөхөн сэргээх сургалтыг тус тус зохион байгуулсан. Мөн “Сул харааны төв”-ийг байгуулж буй нь Тайваний ард иргэдийн сайхан сэтгэлийн илэрхийлэл болоод зогсохгүй “хүмүүнийг анагаахад хязгаар үгүй” хэмээх ухагдахууны бодит илрэл боллоо” гэв. Түүнчлэн тэрбээр Тайваний Чан Гөн эмнэлэг, Му Гуан хараагүйчүүдийн нөхөн сэргээх төвийнхний тусламж дэмжлэгт онцгойлон талархал илэрхийлж, эмч нарыг сургалтад хамруулж, Монголын хөдөө орон нутагт очиж сайн дурын үнэ төлбөргүй оношилгоо хийж, харааны чадварыг нөхөн сэргээх сургалт явуулсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Улаанбаатарт суугаа Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, “Ротари клубын амин сүнс нь Ротаричууд өөрчлөлтийг бий болгох /Rotary making a difference/ буюу “өгөөмөр, нөхөрсөг, үйлчлэл” гэсэн зарчим юм. Тайваний Сунрэн, Дунбэй, Руйан, Цаосин ротари клуб, Монголын Улаанбаатар, Энхтайвны өргөн чөлөө, Сэлбэ, Өргөө, Тамир зэрэг ротари клуб хамтран энэхүү төсөлд анхаарал тавин дэмжсэнд талархал илэрхийлэхийн ялдамд Монголчуудын нүдний хараагаа хамгаалах мэдлэг улам бүр нэмэгдэж, хүн бүр өөрсдийн эрүүл мэнд, дэлхийг харах цонхоо эрхэмлэн хайрлах болтугай” гэлээ.
Ж.Болор

Монгол брэнд