top banner

Малын шилжилт хөдөлгөөн, халдварт өвчнийг тандах цахим систем нэвтрүүлнэ


2018-06-12 17:51:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар (МЭҮГ) хамтран хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийн төслийг өнөөдөр олон нийтэд танилцуулав.
 
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу мал амьтны  гаралтай бүтээгдэхүүнд эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор тус системийг бүтээж байгаа аж.
 
МЭҮГ-ын мэргэжилтэн Л.Даваасүрэн “Системийг нэвтрүүлснээр малын хулгайн гэмт хэргийг бууруулж, халдварт өвчингүй нутаг дэвсгэрийг нийтэд мэдээллэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдад шаардлагатай мэдээлэл өгөх нөхцөл бүрдэх юм. Мөн системд малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг цогцоор багтаасан” хэмээв.
 
Монгол Улсын мал сүрэг 70 саяд хүрсэн хэдий ч махны экспорт төдийлөн нэмэгдэхгүй байгаагийн шалтгаан нь мал эмнэлгийн байгууллагаас олгож буй гэрчилгээ, баталгаажуулалтыг олон улсын зах зээл хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой хэмээн Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар танилцуулгын үеэр хэллээ. Тэрбээр, “Мал эмнэлгийн байгууллагын гэрчилгээ тухайн малын тухай хангалттай мэдээллийг багтааж чадахгүй байна. Иймээс бид олон талын туршлагыг судалж цахим технологид суурилсан системийг бүтээж байна. Энэ систем мал төлөлснөөс эхлээд гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд хамарсан  вакцин, бэлчээрлэсэн нутаг дэвсгэр зэрэг бүх мэдээллийг бүртгэх юм” гэв.

Уг системийг энэ онд Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв аймгийн сонгогдсон 15 суманд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн тус системд зориулсан гар утасны аппликэйшн бүтээсэн бөгөөд аппликейшныг ашиглан худалдааны төвүүдэд борлуулж буй махан бүтээгдэхүүний бар кодыг уншуулж, тухайн малын гарал үүслийн мэдээллийг дэлгэрэнгүй харах боломж бүрдэх аж. Уг аппликейшнийг 2017 онд “Мах Маркет” компанийн бүтээгдэхүүнд туршилтаар ашигласан бөгөөд 2000 толгой малын мах өдөртөө борлуулсан гэдгийг систем бүтээгчид онцолж байлаа.
О.Болорцэцэг

Монгол брэнд