top banner

"Чандмань-100" хөтөлбөр хэрэгжүүлж байна


2018-06-12 21:43:36
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс "Намаас төрөөгүй суманд төрснөө насан туршдаа дээдэлж, өөр хоорондоо эвтэй байж өөрийн өнгөтэй тосгоноо байгуулъя" уриа бүхий "Чандмань-100" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь 2024 онд тохиох тус сумын 100 жилийн ойг угтан төрөлх нутгаа хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход оршиж байгаа гэнэ. Уг хөтөлбөр нь 13 бүлэг, 90 зорилтоос бүрдэж буй баримт бичиг ажээ. Тухайлбал нэгдүгээр бүлэг нь зургаан зүйл зорилтоос бүрджээ.
Үүнд: Сумынхаа эдийн засгийн хөгжлийн үндсэн салбарыг: Мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэр, алт олборлолт, нүүрсний уурхайн ашиглалт, аялал жуулчлал хэмээн тодорхойлж цаашид БНСУ-ын туршлагаар сумандаа "Нэг тосгон"-ы үзэл санааг хэрэгжүүлж, хамтарч хийж бүтээх сэтгэлгээг хөгжүүлэн, хамтын үйл ажиллагааг өрнүүлэх, сумыг цаашид авч явах удирдах ажилтан болон сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх. намаас ангид залуучуудын байгууллагыг байгуулж, сумын залуучуудыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийх, Нутгийн зөвлөлөөс сумын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран "Чандмань-100 сан" байгуулж хөрөнгө босгох, "Чандмань судлал"-ын хүрээнд сумын болон хүн ардын түүх, уламжлалын судалгааг үргэлжлүүлэх ажлууд хийгдэнэ хэмээн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Нямдорж олон нийтэд танилцуулсан юм.
Э.Нарангэрэл

Монгол брэнд