top banner

Б.Отгонбаяр: Өнөө цагт малчид бид эрчимжсэн МАА руу орохоос өөр гарц алга


2018-06-13 11:18:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, манай улсын ХХААХҮЯ-наас хамтран зохион байгуулж буй “Тогтвортой  хөгжил-нүүдлийн МАА” сэдэвт олон улсын хуралд оролцогч дэлхийн 34 орны төлөөлөл 200-гаад төлөөлөгчид манай оронд 3 дахь өдрөө чуулж байна.
Өчигдрийн хуралдаанаар Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер МАА-н хөтөлбөрийн өнөөгийн байдал, Уругвай улсын ХАА, загасны аж ахуйн яамны төлөөлөгч Валтер Оёхантакабал Цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар хурлын талаар, Германы ХХАА-н холбоотны яамны төлөөлөгч Филипп Графзу Берлиний “Ногоон 7 хоног”-ын талаар тус тус танилцуулж, хуралд оролцогчид МАА-н олон улсын хөтөлбөрийн шинэ зорилт, ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн ашиглалт, дэлхий нийтийн хүнсний хангамж, амьжиргааны байдал, эдийн засгийн өсөлт зэрэг даяаршлын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Олон улсын хурлын өнөөдрийн хөтөлбөрийг НҮБ-ын ХХААБ-ын төлөөлөгч Винод Ахужа нээж үг хэлэн, Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн олон талт түншүүдийн 2019-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэлэлцэж салбар хуралдаанд оролцогчдоос санал дүгнэлт авч танилцуулж байна. Харин манай улсын МАА-н салбарын талаар танилцуулах маргаашийн хуралдаанд Монгол Улсын холбогдох яамдын сайд нар УИХ-ын Байгаль орчин, ХАА-н байнгын хорооны гишүүд оролцож, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, боломж, саад бэрхшээл” сэдвээр илтгэл тавьж, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Габриелла Спирли манай улсад хэрэгжүүлж буй ХАА-н төсөл, хөтөлбөрүүдийг тус тус танилцуулж, ХААИС-ийн багш, доктор Г.Ганзориг “Нүүдлийн МАА-н тогтвортой дэмжих бодлогууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Энэ өдөр олон улсын хуралд оролцогч төлөөлөгчид малчин өрхөөр зочлон малчидтай уулзаж Монгол ахуйтай танилцан, бэсрэг наадам үзэх юм.
Манай улсад болж буй Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөрийн олон талт түншүүдийн ээлжит 8 дугаар хурлын үйл явцаас харахад энд Ази тивд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэрэглээ, үр нөлөөг хэмжиж өндөр бүтээмж гаргахад бактерийн эсрэг явуулж буй үйл ажиллагаанаас аваад МАА, байгаль орчны үнэлгээ болон гүйцэтгэлийг түншлэлийн шугамаар хэрэгжүүлж буй туршлага, тогтвортой МАА-д хөрөнгө оруулж буй арга, цөөн малтай, эрсдэлд өртөмтгий малчдын амьжиргааг дээшлүүлэх үүднээс хөрвөх чадварт сургаж буй байдал, Америкийн фермерүүд ой болон малын бэлчээрийн тогтолцоогоо ангилж буй тогтолцоо зэрэг олон улс орны МАА, ХАА-н салбарт гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулж төлөөлөгчид санал бодлоо хуваалцан туршлага солилцож байна.
Хуралд оролцож буй Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн малчин Б.Отгонбаяртай уулзвал, “Манайх үржлийн “Эрчим” үүлдэрийн ямаа малладаг. Аймгийнхаа Мал эмнэлэг, үржлийн албаны шугамаар мэдээлэл авч энэ хуралд сууж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, бусад орны мал аж ахуйн эрхлэлтийн байдлын талаар сонсож байна. Манай орны хувьд малчин бидэнд бэлчээрийн доройтол үнэхээр хүндрэлтэй болсон. Энд цаг уурын өөрчлөлт их нөлөөлж байна. Урьдын үржил шимт бэлчээр, өвс ногоо ургамал байхгүй болж байгаагаас малчид нэг нутагтаа тогтох аргагүй нүүх болсноос бэлчээрийн даац хэтэрч байна. Мөн малын тоо их болсон. Гэвч малаас өөр амьжиргаагүй малчид малаа өсгөхөөс өөр яалтай нь билээ. Ер нь өнөө цагийн байдал биднийг эрчимжсэн мал аж ахуй руу явахаас өөр гарцгүй болгож байна. Энэ талаар бусад орны байдлыг сонсож санал туршлагаа хуваалцаж байна” гэв.  
Б.Болд


Монгол брэнд