Оторчдод үйлчлэх хөдөлгөөнт баг ажиллуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-06-13 11:41:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг төрийн үйлчилгээг малчдад хүргэх хөдөлгөөнт баг ажиллуулж эхэллээ. Тус аймгийн газар нутгийн 80 гаруй хувь нь гантай байгаагийн улмаас өөрийн болон бусад аймгийн нутагт отор нүүдэл их байгаа билээ. Тиймээс төрийн үйлчилгээг отор нүүдлээр яваа иргэддээ ойр болгох үүднээс ийн хөдөлгөөнт багийг ажиллуулж байгаа аж.
Баяндалай, Ханхонгор, Булган сумдад уг хөдөлгөөнт багууд ажиллахаар замдаа гарсан байна.  Отроор нүүж яваа малчид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан тус багийнхан иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж үйлчилгээ буюу эхо, в, с вирусын шинжилгээ, сахарын шинжилгээ зэргийг хийхээс гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээний талаарх үйлчилгээ, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, уран бүтээлчдийн тоглолт, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Гадны аймагт буюу Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн сумдад 68 өрхийн 51,6 мянган толгой мал отроор явж байна. Харин аймаг дотроо 10 сумын 423 өрхийн 245,2 мянган мал отроор зусаж байна. Энэхүү отор нүүдлийн байдал цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ