top banner

Ипотекийн зээлийн хөтөлбөрт гэр хорооллын иргэдийг түлхүү хамруулахаар өөрчилнө


2018-06-13 13:21:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орон сууцжуулалтын хөтөлбөрийг эргэн харж шинэчилсэн төлөвлөгөө гарган танилцуулах гэж байна.
Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой 1-2 байртай хүмүүс энэ хөтөлбөрт хамарч орон сууц авч байна, мөн арилжааны банк зөвхөн өөрийн харилцагч байгууллага, иргэдэд зээл олгож байна гэсэн яриа гардаг. Энэ нь зарим талаар бодитой байгаа судалгаа гарчээ. Дээрх байдал нь ипотекийн зээлийн нийгэм-эдийн засгийн үр өгөөжид сөргөөр нөлөөлөхөөр байгаа учир энд зорилтот бүлгийн иргэдийг аль болох түлхүү хамруулах талаар төр, засгаас төлөвлөж байна. Тодруулбал, ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хамрагдах гэр хорооллын иргэдэд олгож, тэднийг түлхүү хамруулах үүднээс орон сууцжуулалтын хөтөлбөрийг эргэн харж шинэчилсэн төлөвлөгөө гарган ОУВС-гийн хөтөлбөрийнхөнд танилцуулах гэж байгаа аж.
Энэ талаар мөн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга П.Эрдэнэбаатар, “Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг өмнө нь жилд 800 тэрбум орчим төгрөгөөр гаргаж байсантай харьцуулахад өнөөдрийн байдлаар санхүүжилтийн эх үүсвэр харьцангуй бага, Засгийн газар, Монголбанкнаас гаргаж буй мөнгийг арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй өгч байгаа. Ийм нөхцөлд орон сууцжуулалтын хөтөлбөрийн ард нийслэлийн утааг бууруулж агаар, орчны бохирдлыг арилгах зэргээр нийгэм-эдийн засгийн тодорхой үр ашиг гарах ёстой. Энэ үүднээс хөтөлбөрийн зорилтыг өөрчилж зээлийг гэр хорооллын айл өрх рүү түлхүү чиглүүлэх хэрэгтэй байна. Үүн дээр салбарын яамтай тохиролцож ипотекийн зээлд өөрчлөлт оруулах шаардлага гарч ирж байгаа. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийнхөн ч дэмжиж байгаа” гэв. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг гэр хорооллынхныг түлхүү хамруулахаар өөрчлөх төлөвлөгөөг Сангийн яам, БХБЯ хамтран боловсруулж ирэх 9 дүгээр сард эцэслэн гаргаж танилцуулах юм байна.
 Б.Болд
 
 
 
 
 
 
 
 

Монгол брэнд