Сайншандын салхин паркийн дэд бүтцийн ажлыг долдугаар сард дуусгана

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-06-13 15:52:49
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд суманд  баригдаж буй салхины үүсгүүрээр эрчим хүч гарган авах 55 мв хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ийн ажил ямархуу байгааг албаны хүнээс тодрууллаа.
“Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Оливр Шнорр “Монголд барьж байсан бидний бусад төслүүдээс хамгийн том нь Сайншандын салхин парк. Салхигүй үед салхийг задалж эрчим хүч түгээх нэмэлт тоноглолтой. Ажилчдын 95 хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна.  Нэг киловатт цаг эрчим хүчийг 9.5 доллараар түгээх гэрээтэй. Ажил хэвийн явж байна” гэв. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын суурь бүтцийг барьж дууссан бөгөөд турбин суурилуулах ажил эхэлжээ. Нийт 25 турбин суурилуулах бөгөөд одоогоор арваад турбин суурилуулсан аж.
Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын  шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Энэхүү том бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байгаа нь хамгийн чухал. Мөн Дорноговь аймаг  бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах боломжтой болж байна.  Мөн салхин паркийг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байгаа гэж аймгийн  Засаг дарга Т.Энхтүвшин ярив.
Долдугаар сарын сүүлчээр цахилгаан дамжуулах бүтэцийн ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар  барьж буй. Салхин станц нь 55 мв-ын хүчин чадалтай байх бөгөөд 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг  олон боломж бүрдэнэ. 
Х.Эрдэнэбулган  
Холбоотой мэдээ