“МУИС Хакатон-2018” уралдааны шилдэг "Chat box" багт 4 сая төгрөг гардуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-06-13 16:34:00
 
“МУИС-ийн соёлыг төлөвшүүлье” уриан дор тус сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулж буй “МУИС Хакатон-2018” уралдааны дүн гарч шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд оролцсон оюутнууд 48 цагийн турш нэг танхимд байрлан чөлөөт сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд хамгийн шинэлэг санаа дэвшүүлсэн нийт зургаан багийг шалгаруулсан юм.

Эцсийн дүн гарахад Я.Тэмүүжин ахлагчтай “Chat box” баг тэргүүн байр эзэлж 4 сая төгрөгийн эзэн боллоо. Харин дэд байрын эзнээр “Админ оюутан” баг тодорч 2 сая төгрөгийн эзэн болж гутгаар байрт шалгарсан “Анги захиалга”, “Num notification”, “Ирц бүртгэл” багийнхан тус тус сая төгрөгийн эзэн болсон бол “Buzzer” буюу тусгай байрын эзнээр “Spoint” баг тодорлоо.

Төсөл боловсруулж өөрчлөлт, шинэчлэлт хийх үйл ажиллагаа нь шинэ санаа сэдэлтээс эхэлдэг. Шинэ санааг дэмжиж урамшуулдаг үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэх явдал нь байгууллагын амжилтыг шууд нөхцөлдүүлж байдаг. Бизнесийн ертөнцөд нэр алдраа дуурсгасан олон арван компаниуд шинэ санааг хөхүүлэн дэмжихэд онцгой анхаардаг байна. Тийм дээ ч тус тэмцээний онцлог ч мөн үүнд оршиж байгаа бөгөөд оюутнууд өөрийн санааг хэрэгжүүлэхэд туслах үүднээс шагналыг дагалдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Ийнхүү 48  цагийн турш оюун ухаанаа уралдуулж, нэг баг болон ажиллаж чадсан оюутнуудын шинэлэг санаануудыг уншигчдадаа хүргэж байна.

“Chat box” баг

“Chat box” хэмээх аппликейшн нь оюутнуудад шуурхай мэдээлэл өгч хүссэн асуултанд нь автомат хариулагчаар хариулт өгөх давуу талтай. Мөн секунт тутамд хоёр мянган оюутанд шуурхай мэдээлэл хүргэх онцлогтой юм. Тэргүүн байр эзэлсэн “Chat box”  багийн ахлагч Я.Тэмүүжин нь ХШУИС-ийн “Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим”-ийн “Программ хангамж хөтөлбөр”-ийн 2 дугаар түвшний оюутан. Тэрээр багаа төлөөлөн “Chat box” аппликейшний онцлог мэдээллийг зохион байгуулагч болон, оролцогчдод түргэн богино хугацаанд амжилттай танилцуулж чадсан юм.

“Админ оюутан” баг

Техник технологийн хөгжил давамгайлах болсон өнөө үед бүхий л мэдлэг мэдээллийг цахим хэлбэрээр түгээдэг болсон. Тиймдээ ч МУИС-д шинээр элсэгчдэд олон хүндрэлтэй асуудал тулгардаг. Харин “Админ оюутан” багийн гишүүд энэхүү асуудлыг нь шийдэх зорилгоор “админ оюутан” томилох санааг дэвшүүлэв. Админ оюутан нь шинээр элсэгчдийг зохион байгуулалтанд оруулж салбар сургуулиудын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч удирдан чиглүүлэх үүрэгтэй аж.

“Анги захиалга” баг

ХШУИС-ийн мэдээлэл технологийн ангийн оюутнуудын бүрэлдэхүүн баг “Сиси” системд (МУИС-ийн сургалтын мэдээллийн систем) анги захиалах гэсэн шинэ меню бий болгох санал дэвшүүлж “demo” буюу урьдчилсан загвараа танилцуулав. МУИС-ийн оюутнуудад анги дүүрсэн тул сонголт хийж болохгүйн улмаас хичээлээс хоцрох явдал гардаг. Дээрх шинэ санааг хэрэгжүүлснээр энэ асуудлыг шийдэж, хөнгөвчлөх юм.

“Num notification” баг

МУИС-ийн оюутнууд “Сиси” систем, сургуулийн сайт, фейсбүүк зэргээс мэдээлэл авдаг. Үүний оронд “Num notification” аппликейшнийг ашигласнаар илүү цэгцтэй, найдвартай мэдээлэл авах боломжтой. Цахим орчинд байх мэдээллийн олон хуудсыг нэг дор багтааснаараа онцлог юм.

“Ирц бүртгэл” баг

Тухайн нэг багшийн лекц дээр 40-өөс доошгүй оюутан суудаг. Гэтэл тэр бүгдийг бүртгэх явцад хичээлийн цагаас хорогдоно гэсэн үг. Тиймээс тухайн багийнхан “Ирц бүртгүүлэх систем” бүтээх санааг гаргав. Ингэснээр систем рүү нэвтрэн зураг илгээж бүртгэл хийгдэх юм. Энэ нь ухаалаг ирц бүртгэлийн систем  ба уламжлалт хэв маягийг эвдсэн шинэлэг технологи гэдгээрээ ялгарч байна. Системийг ашигласнаар цаг хэмнэж багшийн ажлыг хөнгөвчилнө.

“Spoint” баг

МУИС-ийн оюутны цахим үнэмлэхийн одоогийн хэрэглээ нь номын сангийн үйлчилгээ, түц машин, ариун цэврийн өрөөний хаалга зэрэгт ашиглагдаж байгаа учир  ашиглалтыг нэмэгдүүлэн олон талт үйл ажиллагаанд хэрэглэдэг болох санааг дэвшүүлснээр “Spoint” баг тусгай байрын эзнээр тодорсон билээ. Яг одоогоор цахим үнэмлэхийг өөр талт үйл ажиллагаанд ашиглах болох давуу талтай гэнэ.

Ийнхүү шалгарсан багууд өөрсдийн санааг хэрэгжүүлж, бодит үр дүн нь оюутнууд болон, ажилчдад хүрэх юм байна.
 
Э.Энхсаруул
Холбоотой мэдээ