top banner

Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт эхэллээ


2018-06-13 16:38:48
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ, Цэргийн штаб болон холбогдох төрийн байгууллагууд хамтран Баянхонгор аймгийн 104 багийн Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэлийн нэгдсэн сургалтыг хийж байна. Тус ажлыг сүүлийн гурван жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд батлан хамгаалах  бодлого зорилт, үйл ажиллагааг багтаа хэрхэн зохион байгуулах чадварыг эзэмшүүлдэг аж.
Сургалтыг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нээж үг хэлэхдээ, "Төрийн байгууллагын үйл ажиллагааг баг хороондоо гардан зохион байгуулж ажилладаг Засаг дарга гэдэг өөртөө маш их хариуцлагыг үүрдэг. Бүхий л үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд, үнэн зөв, цэгцтэйгээр явагдах ёстой. Энэ ч үүднээс төрийн мэдээлэл, үйл ажиллагааны арга ажиллагааг багийн дарга нарт оновчтойгоор үр дүнтэйгээр мэдүүлэх үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна" гэлээ. Мөн тэрээр манайхны дунд цаг баримталдаггүй алдаа дутагдал нийтлэг байгаа нь сургалтын үеэр харагдаж байгааг хэлээд авлаа.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй, эрүүгийн болон зөрчлийн тухай хууль, нийгмийн салбарын үйл ажиллагаанд багийн дарга нарын үүрэг оролцоо, мал аж ахуй, нутаг бэлчээрийн талаарх цаг үеийн мэдээлэл хүргэнэ. Мөн гэр бүл хүүхэд залуучуудын талаар хэрэгжүүлэх бодлого, орон нутгийн хамгаалалтын талаарх мэдээлэл, цэргийн  дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр, гэрээт цэрэг элсүүлэх журам, цэргийн бүртгэл, цэрэг татлага явуулахад багийн дарга нарын үүрэг оролцоо, дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журам, шүүхэд мэдүүлэх эрх, сэдвүүдээр холбогдох албаныхан мэдлэг олгох юм.
Түүнээс гадна Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, аюулыг сааруулах, аймгийн 6, 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОША-аас мэдээлэл хийж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын төлөвлөгөөг гаргах юм байна. 
                                                                                                                                                        Б.Мөнхзул

Монгол брэнд