top banner

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ


2018-06-14 10:27:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.07 цагт 57.9 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үед Т.Аюурсайхан гишүүн, "Банк дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн хаалттай хэлэлцэж байгаа. Энэ хуульд нууцлах заалт байхгүй. Тиймээс нээлттэй хэлэлцэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ. УИХ-ын даргын зүгээс уг хуулийн төслийг Засгийн газар анх өргөн барихдаа хаалттай горимоор хэлэлцэхээр өргөн барьсан тул хууль зөрчиж нээлттэй болгох боломжгүй хэмээн тайлбарлав.

Мөн Л.Болд гишүүн, “Хаврын чуулган дуусахад 2 долоо хоногийн хугацаа үлдсэн. УИХ-ын гишүүдээс чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өргөн барьсан. Чуулган дуусах гэж байхад УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж байгаа нь улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал хэлсэн. Үүний дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүний саналыг дэмжсэнгүй.

М.Билэгт гишүүн, “Улсын бүртгэлийн багц хуулийг УИХ хэлэлцэж байгаа. Үүнд газар эзэмших, ашиглах зэрэг олон асуудлыг тусгасан. Газар эзэмших, ашиглах асуудлыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Газрын тухай хуультай хамт хэлэлцэх хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасныг мөн олонх дэмжсэнгүй.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд