Хорт металлын бохирдлыг тэсч зохицож ургадаг ургамлуудыг судлах асуудалд анхаарал хандуулна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2018-06-14 15:45:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын залуучуудын холбооноос санаачилсан залуу судлаачдыг дэмжих “MOVE” төслийн хүрээнд “Хүнд хортой металлын бохирдолтой газар зохицон ургадаг ургамлууд” анхдугаар олон улсын симпозиумын нээлт өнөөдөр МУИС-ийн Номын санд боллоо.

Тус симпозиум нь байгаль орчин, хүний эрүүл мэндийн асуудлыг хамгаалах, цаашлаад экологийн тэнцвэрт байдалд чухал нөлөө үзүүлэх зорилготой. Симпозиумд “Copenhagen” их сургуулийн доктор Д.Гүнбилэг, “Vienna”-гийн их сургуулийн доктор Irene Lichtscheidl нарын судлаач хүрэлцэн ирснээс гадна залуу эрдэмтэд өөрсдийн судалгааны ажлаа танилцуулсан юм.

Энэ үеэр мэргэжилтнүүд хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдсон газарт дасан зохицож ургадаг ургамлууд, хортой металлын бохирдлыг тэсч гарах чадамжийг судлах асуудалд анхаарал хандуулав. Хүнд хортой металл нь хүн болон амьтдын амьдрах орчин нөхцөлд их хэмжээний хор хөнөөл учруулдаг. Тиймээс эхний удаад ургамлуудын эсийн бүтцийг нь судлан, биологийн шинжлэл, бодисын химийн судалгаа хийж цаашид генетикийн судалгааны ажлыг давхар явуулах аж. Үүнээс хамгийн чухал нь химийн экологийн судалгаа хийх ажил юм. Энэ нь байгальд оршин буй ургамал, ан амьтан, бичил биетэн, мөөгөнцөр зэрэгтэй хорт ургамал нь харилцан холбоотой байж, мэдээлэл солилцдог эсэхийг судлах үйл явц юм.

Аливаа нэг ургамал, өвс ногоог дангаар нь авч үзэж болохгүй бөгөөд заавал тухайн хөрсөнд нь хэдэн мянга бичил биетэн байгааг судалж, тэрхүү ургамлаар хооллодог шавьж, ан амьтан, хүний нөлөөлөл, байгаль цаг уурыг нь ч давхар судалдаг байна. Энэ нь хоорондоо маш нарийн харилцаа холбоо үүсгэдэг гэнэ. Түүнийг олж мэдсэний дараа тухайн ургамлыг хэрэглээний чиглэлээр эсвэл байгаль орчны нөхөн сэргээлтэд хэрхэн ашиглах зэрэг тооцооллыг гаргана. Энэхүү судалгаагаар танин мэдэхүйн чанартай, ургамлын дасан зохицох чадварыг судлах, Монгол орны хүнд хортой металлаар бохирдсон газруудыг нөхөн сэргээх, үр дүнтэй аргаар ургамлыг ашиглан хортой металлуудыг хөрснөөс зайлуулах боломжийг хайх зэрэгт нэн үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Уг симпозиум нь Улаанбаатар хотноо 14 хоногийн хугацаанд үргэлжлэх аж.
Э.Энхсаруул

Холбоотой мэдээ