СХД-ийн нэгдсэн жишиг эмнэлэг 2020 онд ашиглалтад орно

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2018-06-14 16:05:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон зээлээр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 /ЭМСХХ-4/ төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаныхан танилцлаа.

Тус эмнэлгийн барилгын ажлын ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын Симед компани, барилгын зураг, төслийг Солонгосын Жунглим компани боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын Вамед компани тендерт шалгаран гүйцэтгэж байна. Эмнэлэг нь нийт 4 давхар, эмнэлзүйн долоогоос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10 мянга гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлэх, 47 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд оношилгоо эмчилгээний шинэлэг арга хэлбэр, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх юм.



Түүнчлэн тус жишиг эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг АШУҮИС болон ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж байгаа аж.

Дүүргийн жишиг  эмнэлэг ашиглатад орсноор  Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар барилгын ажлын гүйцэтгэл 38 хувьтай явагдаж байна.

Холбоотой мэдээ