top banner

Монгол Улс Европын холбоонд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой


2018-06-14 16:33:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг болон шинээр бараа экспортод гаргах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилго бүхий “Европын холбооны худалдааны өдөрлөг” өнөөдөр  МҮХАҮТ-д  боллоо. Европын холбооны 5 сая еврогийн санхүүжилтээр 4 жилийн хугацаанд хэрэгжтих “ЕU-TRAM” (Монголын худалдааг дэмжих) төсөл нь Монгол Улсын худалдааны бодолгыг боловсронгуй болгох, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд  2017 онд эхэлсэн хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг өдөрлөгийн нээлтийн үеэр хэллээ.
Мөн тэрбээр Монгол Улс өнгөрсөн онд  Европын холбооны зах зээлд 67 сая  еврогийн борлуулалт хийсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй, хагас боловсруулсан түүхий эд эзэлснийг дурьдав.
Монгол Улс Европын холбоотой 2005 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тус зах зээлд нийт 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй гаргах боломжтой. Гэвч сүлжмэл, эсгий, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж буй юм. Тиймээс дэлхийн нийт импортын 16 хувийг дангаараа бүрдүүлж буй Европын холбооны зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зайлгүй шаардлагатай гэдгийг өдөрлөгт оролцогч албаны хүмүүс хэлж байв. Өдөрлөгт хувийн хэвшил, төрийн байгууллага, их дээд сургуулийн 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд энэ үеэр Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүн гаргаж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнг зохион байгуулав. Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд  Трайан Христеа ““ЕU-TRAM” төсөл нь Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна шинэ ажлын байрыг бий болгоход туслах юм. Ингэснээр Монголоос Европын холбооны зах зээлд гарах бүтээгдэхүүний чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
О.Болорцэцэг

Монгол брэнд