top banner

Ф.Шнайдер: Монгол Улс МАА-н эрх зүйн орчноо сайн тодорхойлсноор салбарын хөгжил эрчимжих нөхцөл бүрджээ


2018-06-14 18:17:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад чуулж буй “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр"-ийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт 4 дэх өдрөө үргэлжилж төлөөлөгчид “Тогтвортой МАА-г хөгжүүлэх даян дэлхийн хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон хэлэлцүүлэг өрнүүлэн, нэгдсэн санал дүгнэлтэд хүрэв.
Хэлэлцүүлгийг 4 бүлэгт хуваан явуулснаас "Эрүүл мэнд, мал, амьтны тавлаг байдал" сэдвээр хэлэлцсэн бүлгийнхэн мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэхэд бүх талын оролцоо чухлыг онцолж байв. Мөн төр, засгийн болон ТББ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн төлөөлөл, малчид бүгд жигд ойлголттой байх ёстой гэв. Нөгөөтэйгүүр МАА-н салбарт эм, бэлдмэл, ялангуяа антибиотикийн үлдэгдлийг хянах нь чухлыг онцолж байв. "Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт" сэдвээр хуралдсан бүлгийнхэн уур амьсгалын өөрчлөлт байгаль орчны доройтолд хүргэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тиймээс байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн мэдээллийн сан бий болгох замаар зохистой түвшинг хадгалах, бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг эрхэлж, шинжлэх ухааны ололт суурилсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг тодотголоо.
"Амьжиргаа ба эдийн засаг" сэдвээр хэлэлцсэн төлөөлөгчид амьжиргааг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тухайн бүс нутагт тохирсон хөгжлийн загварыг тодорхойлох нь чухал, МАА-н салбарт инновацийг нэвтрүүлж байж, бүтээмж дээшилснээр эдийн засаг өснө гэж үзлээ. "Хүнс, тэжээл" сэдвээр хуралдсан бүлгийнхний дүгнэснээр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ЖДҮ-ийнхэн зонхилдог утгаараа үйлдвэрлэгчдийн чадавхийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр”-өөс туслалцаа үзүүлж болно гэсэн санал дэвшүүллээ.
Дөрвөн бүлэг, салбар хуралдаан дууссаны дараа “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр”-ийн дарга Фритц Шнайдер “Манай хөтөлбөрийн үйл ажиллагаа бусад байгууллагын зорилго, чиглэлтэй давхцах учиргүй. Тиймээс хөтөлбөрийнхөө тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо асуудлын эрэмбэ, дарааллыг баримтлах, гишүүдийнхээ сүлжээг ашиглах нь зүйтэй. Монгол Улсын хувьд МАА-н салбарын эрх зүйн орчноо харьцангуй сайн бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг илүү бататгасан нь энэ салбарын хөгжил эрчимжих боломж нөхцөл бүрджээ” гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 


Монгол брэнд