Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг буцаав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-06-14 21:12:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын 90 хувийг хөнгөлөхөөр тусгасан байна. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувь байх зохицуулалт оруулжээ. Ингэснээр Монгол Улсын бизнесийн орчин, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, татварын бааз суурь өргөжинө хэмээн үзэж байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Ганбаатар гишүүн татварын багц хуулийн төслийг Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хэрэгтэй хэмээв. Учир нь татварын багц хуулиар эдийн засгийг хөгжүүлэхээс эхлээд томоохон бодлогын асуудлуудыг хэлэлцэх, мөн дагаж мөрдөх 23 гаруй хуульд өөрчлөлт оруулах тул зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай хэмээв. Мөн тэрбээр энэхүү хуулийн төсөл саяхан УИХ-аар баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуультай зөрчилдөх магадлалтай гэдгийг хэллээ.

Мөн арилжааны банкуудын гадаад зах зээл дээрээс татсан хөрөнгө оруулалтаас 10 хувийн татвар авдаг байсныг 5 хувь болгож бууруулсан шалтгааныг гишүүд асуулаа. Арилжааны банкуудаас өндөр татвар авах нь иргэдийн авч буй зээлийн хүүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд арилжааны банкуудын гаднаас татах хөрөнгө оруулалтын татварыг бууруулахаар шийдсэнийг Сангийн сайд хэлсэн юм.

Түүнчлэн Н.Амарзаяа гишүүн байгаль орчныг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх заалт орсон эсэхийг тодруулав. Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийн борлуулалтын орлогоос авах татварыг хөнгөлөх, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулахаар холбогдох байгууллагад өгсөн хандиваас авах татварыг зөвхөн чөлөөлдөг байсныг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болж хүрээг нь тэлсэн гэдгийг ажлын хэсэг хариуллаа.

Д.Тогтохсүрэн гишүүний зүгээс Монгол Улсад “бэлэглэлийн татвар” бий болгох чиглэлд анхаарах цаг болсныг хэллээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө борлуулахдаа бэлэглэж байгаа нэрийдлээр татвараас зайлсхийх тохиолдол байгааг дурьдсан юм.

Хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих нэрийдлээр гадны компаниудын үйл ажиллагааг дэмжих агуулгатай хэд хэдэн заалт байгааг Ч.Улаан гишүүн шүүмжлэв. Тэрбээр, “АмЧам зэрэг зарим гадны зарим компани, байгууллагаас гадаадын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, лоббидох талаар УИХ дарга болон гишүүдэд захидал ирүүлж байсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл эдгээр заалтууд энэ хуулийн төсөлд тусгасан байна” гэлээ.

Сангийн сайдын зүгээс энэ хуулийн төслийг боловсруулахад гадны ямар нэгэн нөлөө байгаагүй бөгөөд ажлын хэсэг “вакум” байдлаар 4 сар ажилласан хэмээн тайлбарлав. Тэрбээр, “Хуулийн төслийг аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх үед АмЧам-ын гишүүн компаниуд саналаа ирүүлсэн. Үүнээс шаардлагатай саналуудыг нь ажлын хэсэг авсан” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ