top banner

Нүдэнд харагдан гарт баригдах Таван толгой


2018-06-15 17:33:20
Зураг
Уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нүүрсний уурхай том байр суурь эзэлдэг гэж ахмад уурхайчид ном, сурах бичигт тэмдэглэн үлдээжээ. Нүүрсний талаар яриа өрнөхөд Налайхын уурхай хамгийн түрүүнд хүний санаанд орж ирдэг гэж уурхайчин Д. Эрдэнэ хэлсэн юм. Тэрбээр 10 дугаар анги төгсөөд Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд орсон 1980-аад оны   онц сурлагтнуудын нэг  харин төгсөж ирээд Найлайхын уурхайд ажиллаж байсан инженер хүн байгаа юм.  Тус уурхайн түүхэн замнал бусдаасаа хамаагүй урьд эхэлсэн юм билээ.  

Налуугийн ухаа гэх энэ газар 1900 оноос эхлэн хятадууд нүүрс олборлож эхэлсэн гэнэ. Харин 1922 онд тэдгээр хятад пүүсүүдийн эзэмшилд байсан уурхайнуудыг улсын мэдэлд шилжүүлснээр Налайхын их уурхайн гэгээн түүх бичигдэж эхэлжээ. Түүх бичлэгийн төгсгөл 1995 он байдаг. Энэ үеэс тус уурхайн бараан түүх эхлэх юм билээ. Үйлдвэржсэн гүнийн уурхайн бүсээ монголчууд гар аргаар нүүрс олборлох хэмжээнд хүртэл доош унагаад байгаа нь тэр. Энэ бол бидний мартаж болохгүй дурсамж, давтаж болохгүй сургамж юм.

Нэг уурхайн түүхээс нүүрсний салбарын  хөгжил дэвшил гарч ирэх болов уу гэдэг үүднээс Налайхын уурхайг тойрсон үйл явдлаас цухас дурьдлаа. Одоо нүүрсний салбарын түүчээ буюу манлайлагчид Өмнөговь аймагт байна.Таван толгойн тухай ярихад одоо гурван уурхайн талаар  дурьдах хэрэгтэй болоод байгаа юм. Хамгийн том, хамгийн залуугаас нь эхлэх хэрэгтэй гэж үзлээ.

“Эрдэнэс Таван толгой” 2010 оноос хөрс хуулах ажлаа эхэлж байсан байх юм. Түүнээс хойш  8 жил өнгөрч байна. Энэ хооронд Түүнийг тойрсон олон янзын хэл ам гарч байжээ . Тэр бүхнийг нүүрс өндөр үнээр борлогдож, компани ашигтай байгаа энэ цаг үе мартуулах биз. Хүн ч юмыг амархан мартдагдаа хөөрхий. Ер нь өнгөрсөн хугацааг авч үзэхэд нүүрсний үнэ унасан үед түүнийг тойрсон таагүй мэдээ олноороо цацагдаж байсан байх юм. Харин одоо нүүрсний үнэ хэвийн байгаа, үр өгөөж иргэдэд ирэх нь тодорхой болов бололтой. Нүүрсний үнэ өндөр хэмжээнд урт хугацаанд хадгалагдах нь бидэнд тустай болох нь хүн бүхэнд ойлгомжтой байна

Тус компаний гүйцэтгэх захирал Б. Ганхуяг “ 2018 онд 1,2 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн. Харин эхний таван сард 770 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна. Үлдсэн саруудад төлөвлөгөө давж 1,4 их наядад хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй болоод байна. Компани 2017 онд 461 тэрбум төгөргийн ашигтай ажилласан. Энэ мөнгийг хувьцаа эзэмшигч 2 сая 511 мянган иргэнд хуваагаад үзэхэд нэг хүнд 30 орчим мянган төгрөг ногдохоор байгаа юм. Энэ оны ашгийг ирэх 2019 онд тараахад ногдол ашиг өнгөрсөн оныхоос давах  урьдчилсан тооцоо гарсан” хэмээн ярьсан байна.

Монгол Улсын 2 сая 511 мянган иргэн гэдэг маань бидний нэрлэж зашиснаар 1072 ширхэг хувьцааг хэлж байна. Энэ хувьцаанаас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газарт борлуулах замаар, оюутанууд сургалтын төлбөр төлөх хэлбэрээр ашгаа хүртээд байгаа аж. Харин 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд одоогийн байдлаар хараахан хувьцаа эзэмшээгүй байгаа гэнэ.

“Эрдэнэс Таван толгой” ийм яриатай байгаа бол “Энержи ресурс” тэдний хувьд нүүрс угаах үйлдвэртэй Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайчдын хотгон барьсан гээд сайн зүйл бий. Хувийн хэвшилд нэртэй мөртэй яваа гэж хэлж болно  Дараа нь “орон нутгийн Таван толгой”-н уурхайг   нэрлэнэ. Уг нь энэ уурхайнхан энд ажилласан 50 жилийн түүхтэй анхдагчид нь байх ёстой баймаар... Гэтэл тийм биш байна. Тэд 2004 онд 30 гаруй машинд нүүрс ачин БНХАУ-д гаргаж байсан юм билээ. Харин одоо   гурван уурхай гурвуулаа нүүрс  экспортолж байна. Улаан нуурын хөндий буюу Таван толгойд эдүүгээ гурван  уурхай, нүүрс тээвэрлэлтийн нүсэр ажиллагаа хүний нүдэнд  харагдах хэмжээнд хүрчихжээ.

“Эрдэнэс Таван толгой” 1072 хувьцаа эзэмшигчдэд ашиг хувиарлах нь энэ бол гарт баригдах том  үйл явдлын эхэлэл байх нь ойлгомжтой. Гэхдээ “Энержи ресурс”, “орон нутгийн Таван толгой” хоёр компани хувьцаа эзэмшигчтэй, тэдэндээ ашиг хүртээдэг гэх. “Эрдэнэс Таван толгой”  иргэн бүрт ашиг хуваах гэж байгаагаараа л тэднээс ялгаатай.

Аливаа зүйлийг цэгцрээд ирэхээр нь хүний “нүдэнд харагдан гарт баригдах хэмжээнд хүрлээ”  гэж хэлдэг дээ.  Таван толгойд гурван уурхай байна Тэд хүний нүдэнд харагдана. “Эрдэнэс Таван толгой”  иргэн бүрт ашиг хүртээж эхлэх гэж байгаагаараа  бусдын анхааралд орж байгаа байх. Уул уурхайд эрт хөл тавьсан үнэмлэхүй цөөнхид эрдэс баялаг аль эрт нүдэнд нь харагдан гар нь орчихсон юм байна. Уул уурхай улам бүр хөгжиг,  улам  их өгөөжийг манай  монголчуудад  өгөөсэй.                                                 
                                                                                                                                            Г. Эрдэнэбат
 


Монгол брэнд