top banner

Замын-Үүдийн "Уаз 469" машины жолооч нар тайван жагсаал зохион байгуулжээ


2018-06-16 11:03:42
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хүн болон ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машины жолооч нар зургадугаар сарын 14-нд тайван жагсаал зохион байгуулжээ.
Тэд жолооч нарын Түр зөвлөлийг байгуулж Хятадын талаас Замын-Үүд-Эрээн хотын хооронд зорчигч тээвэр эрхэлдэг зарим жолоочийн тээвэр хийх боломжийг хязгаарласнаар тэдний эрх зөрчигдөж, олдог орлого нь багасч амьдралд нь хүндрэл бэрхшээл гарсны улмаас дээрх жагсаалыг зохион байгуулжээ.
Жагсагчдын ярьж буйгаар Хятадын талаас 150 орчим машиныг хилээр гаргахгүй, бараа ачуулахгүй ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байгаа бөгөөд тэд сум, аймаг цаашлаад холбогдох дээд байгууллагад  санал гомдлоо хүргүүлсэн ч дорвитой хариу авч чадахгүй байгаа  аж.
Эрээний талаас 2017 оны 09-10 дугаар сард Замын-Үүд боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүд  техникийн шаардлага хангахгүй, ачаа, хүн тээврийн норм зөрчсөн, насжилт ихтэй, орчин тойрондоо аюултай нөхцөл үүсгэж байгааг манай талд сануулж Эрээний замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж зөрчил гаргасан жолоочийг онооны системээр дүгнэх шаардлага тавьсан байдаг аж.
Замын-Үүд боомтоор өдөртөө манай талаас дунджаар 500-600 гаруй тээврийн хэрэгсэл өмнөд хөрш рүү нэвтэрдэг бол мөн ийм хэмжээний авто тээврийн хэрэгсэл өмнөд хилээс орж ирдэг байна. Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар, Замын-Үүд дэх холбогдох хууль хяналтын байгууллагынхан хамтарч  2017 онд хилийн боомтоор нэвтэрдэг, ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машиныг бүртгэлжүүлж. 1700 гаруй “Уаз 469” машин бүртгэлтэй болгож “MGL” зөвшөөрлийн наалт олгожээ.
Мөн  зам тээврийн сарын аян зарлаж машины өнгө үзэмжийг сайжруулах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, жолоочийн хажууд суудал тавих зэрэг олон асуудлыг жолооч нартай хамтран зохион байгуулсан ч   авто машиныхаа эд ангийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангадаггүй, стандарт шаардлагыг мөрддөггүй, ачаа тээшийн жин тонныг хэтрүүлдэг жолооч нар одоог хүртэл байгаа тухай эх сурвалж ярив.
Х.Эрдэнэбулган


Монгол брэнд