top banner

Исландчууд Аргентины шигшээд хожих боломж олголгүй тэнцлээ


2018-06-16 23:39:37
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий D хэсгийн Аргентин, Исландын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 21 цагт Москва хотын 44 мянган хүний суудалтай “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, хоёр баг харилцан ганцхан гоол оруулснаар тэнцээгээр өндөрлөв.

Аргентины Серхио Агуэро 19 дэх минутад анхны гоолыг оруулсан бол Исландын Альфред Финнбогассон /23/ дөрөвхөн минутын дараа өрсөлдөгч багийн хаалганд гоол хийснээр энэ тоглолтын сүүлчийн гоолын эзэн боллоо.

Анх удаагаа дэлхийн дэвжээнд гарсан 320 гаруй мянган хүн амтай Исланд улс, 45 сая хүн амтай, дэлхийн хоёр удаагийн аварга Аргентины шигшээ багтай тэнцэж түүхэнд тэмдэглэгдэх онцгой амжилтыг тогтоов.

Аргентины алдарт хөлбөмбөгчин Л.Месси 4 жилийн өмнө сэтгэл дундуурхан мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа ч хүчээ шавхсан, илүү ур чадвараа харуулсан тоглолт хийх шаардлагатай гэдгийг исландчууд хатуу санууллаа. Бөмбөг бөөрөнхий гэдэг үнэхээр гашуун боловч үнэн гэдгийг энэ тоглолт нотолж байна.

 

Д.Өлзий


Монгол брэнд