top banner

Москва хотод 5000 сайн дурын ажилтан найрсаг зочломтгой үйлчилж байна


2018-06-18 09:28:31
Зураг
Москва /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэж буй хөгжөөн дэмжигчдэд туслахаар Москва хотод 5000 сайн дурын ажилтан ажиллаж байна. Сайн дурын ажилтнууд эх орондоо болж буй анхны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулах, Орос хүний зочломтгой, найрсаг занг гадны зочдод мэдрүүлэх эрхэм зорилго өвөртөлж байгаа ажээ.
Сайн дурын ажилтан 17-оос дээш настай, гадаад хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.Тэдний дийлэнх нь оюутнууд хэдий ч залуустай мөр зэрэгцэн 80 гаруй настай ахмадууд ч сайн дураар ажиллаж байгаа нь тун сонирхолтой. Тэд бүгд “Мосволонтер” төвийн тусгай сургалтад хамарч, зочидтой хэрхэн харьцах талаар арвин туршлага хуримтлуулжээ.Түүнчлэн сайн дурын ажилтан тус бүр футболк, өмд, куртка, малгай, пүүз, бугуйн цаг, үүргэвч зэрэг хэрэгцээт хувцас хэрэглэлээр хангагдсан байна. 
Хамгийн их буюу 1600 орчим сайн дурын ажилтан зочдод нийтийн тээврээр үйлчлүүлэхэд нь тусламж үзүүлж байгаа бол, 1000 орчим сайн дурын ажилтан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн ойролцоох хөгжөөн дэмжигчийн фестиваль дээр ажиллаж байна.
Цэнгэлдэхэд үзэх боломжгүй хөгжөөн дэмжигчдэд зориулан тусгайлан зассан аварга том дэлгэцээр бүх тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломж олгож буй нь  хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр зорин ирэгсдийн тоог эрс нэмэгдүүлж байгаа аж. Хөгжөөн дэмжигчийн фестиваль руу Университет метроны буудлаас 20 минут явган алхаж очих боломжтой. Тэгвэл метроны буудлаас эхлэн 100 метр тутамд тод өнгийн хувцастай, “Сайн дурын ажилтанд гараа өгөөрэй!” гэсэн бичигтэй аварга том бээлийтэй, найрсаг сайн дурын ажилтнууд таарах бөгөөд тэд хөгжөөн дэмжигчдийг зөв чиглүүлж, шаардлагатай тусламж үзүүлж байна.
“Бидний зорилго хөгжөөн дэмжигчдэд туслах, тэмцээнийг сайхан уур амьсгалтай болгох. Сайн дураар ажилласнаар олон шинэ найзтай болж, эрч хүч нэмэгдэж байна.Тэмцээний эхний өдөр хамгийн ачаалалтай байлаа. Ядрах гэдэг миний хувьд үг төдий юм. ОХУ, Аргентин, Бразил, Мексикийн хөгжөөн дэмжигчид хамгийн сэтгэл хөдлөл ихтэй байна”хэмээн 17 настай сайн дурын ажилтан У.Назарук ярив.
“Мэдээж би эх орныхоо багийг дэмжиж байгаа.
Хөгжөөн дэмжигч бол багийн 12 дахь тоглогч. Хөгжөөн дэмжигчдийн фестивальд олон орны хөлбөмбөгийн хорхойтнууд ирж байна. Тэд бүгд бие биетэйгээ найрсаг хандаж, хотын уур амьсгалыг улам сайхан болгож байна” хэмээн сайн дурын ажилтан Максим сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд дурдахад Москва хотын гудамжаар өөрсдийн дэмжиж буй багийн өмсгөл болон сонин содон хувцас хэрэглэлтэй хөгжөөн дэмжигчид ихээр холхиж буй юм. Тэд хотын гудамжаар алхахдаа, метро, автобус, нийтийн тээврээр зорчихдоо ч өөрсдийн улсын нэр, багуудын уриа лоозонг хашгирч, үндэсний дуугаа дуулан ДАШТ-ий уур амьсгалыг улам ч халуун дулаан, сонирхолтой болгож ж байна. 
Л.Нандиа
 
 


Монгол брэнд