top banner

Хатан булаг сумын малчид "Хилийн тухай хууль"-ийн дагуу гомдол гаргав


2018-06-18 13:08:11
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус сумын малчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Малчин А.Баярсайхан тэргүүтэй төлөөлөл “Манай суманд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулснаар хоёр дахь Цагаан хад бий болох гэж байна. Бид төрийн бус байгууллага байгуулан энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг сумын Засаг даргаас удаа дараа шаардсан ч хүлээж авсангүй. Тиймээс Засгийн газар Хилийн тухай хуулийг мөрдөж, энэ хууль бус үйл ажиллагааг шийдвэрлэхийг шаардаж байна” гэв. Тус сум нь Монгол Улсын өмнөд хилд оршдог. Хилийн тухай хуулийн дагуу хилийн зурвас газрыг ашиглах эрхийг зөвхөн Засгийн газар олгохоор заасан байдаг. Гэвч тус сумын Засаг дарга хууль зөрчин, “Си Өү Эй Эл”, “Их говь энержи” зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Хатанбулаг суманд одоогоор 16 аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж, 7-50 метр өргөн, дөрвөн салаа, 170 км зам бий болж, тоос их хэмжээгээр босч, малаа бэлчээх газар хомсдож байгааг малчид баримтаар ярив.  Нутгийн иргэд 1000 гаруй хүний гарын үсэгтэй өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өгөхөөр иржээ. Мөн Хилийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон холбогдох байгууллагын дарга нараас шаардсан бичгээ өгнө гэдгээ ч мэдэгдэв.

Ж.Батсайхан


Монгол брэнд