top banner

Дэнжийн сургуулийн түүхт 50 жилийн ой тохиож байна


2018-06-18 14:59:30
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дэнжийн сургууль нэрээрээ Дорнодынхны сэтгэлд хоногшсон Улсын тэргүүний үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн түүхт 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Гавъяат багш Г.Бүдтуяа захиралтай тус сургуулийн хамт олон түүхт ойнхоо хүрээд нэлээд зүйлийг анаачилж, ажил хэрэг болгожээ. Тухайлбал, түүхийг хадгалах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор
“Цахим музей”-гээ өчигдөр нээж, хүндэт зочиддоо танилцуулсан юм.

Түүнчлэн “Хан-Уул” цогцолбор сургуулийн анхны захирал Б.Найдангийн нэрэмжит талбай, Бахархалын танхим, Дурсгалын цогцолборыг ч бүтээж босгосон байна.
Тус сургууль 1969 онд анх найман жилийн Гуравдугаар сургууль нэртэйгээр байгуулагдаж, 1977 онд арван жилийн Хоёрдугаар сургууль болж өргөжсөнөөр 52 хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулжээ. 1989 онд Дөрөвдүгээр сургууль, 1998 оноос тухайн үеийн 4, 3, 9 дүгээр сургуулиудыг нэгтгэн Хан-Уул цогцолбор сургууль болсон юм. Харин 2012 онд БСШУЯ-ны харьяа Үндэсний лаборатори сургууль болсны дараа жил нь “Улсын тэргүүний сургууль”-иар шалгарчээ. 2014 онд 928 хүүхдийн шинэ сургууль сүндэрлүүлснээр багш, сурагчдад ажиллах суралцах таатай нөхцөл бүрдэж, амжилтаараа аймаг улсдаа тогтмол тэргүүлсээр байна.
Д.Дэлгэрмаа 

Монгол брэнд