top banner

Худалдаа эрхлэгчдийн холбооноос Нийслэлийн удирдлагуудад ил захидал илгээв


2018-06-18 16:36:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос “300 мянга гаруй худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээл болон татварын дарамттай амьдарч байна” гэж өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
“Худалдаа эрхлэгчид арилжааны банк болон ББСБ-уудаас авсан зээл хэт өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй байдаг. Зээлээ төлөхгүй удвал хар жагсаалтад орж, дахин зээл авах боломжгүй болдог. Худалдаа эрхлэгчдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа өрх толгойлсон эхчүүд байдаг. Тиймээс бид үр хүүхдээ тэжээж, өр зээлээ төлөхийн тулд өдрийн зээл авахаас өөр аргагүй.  Гурван сая төгрөг зээлэхэд  эргүүлээд 3.3 сая төгрөг болгож төлөх ёстой бөгөөд хэрэв төлөхгүй бол цагийн 7000 төгрөгийн алданги тооцдог. Мөн хотын удирдлагын зүгээс цөөн хэдэн гудамжинд 400 орчим ТҮЦ байх ёстой гэсэн амьдралд нийцэхгүй шийдвэр гарснаас болж олон жил хурааж хуримтлуулсан эд хөрөнгөө алдаж байгаад гомдолтой байна.
Нэг ТҮЦ-ийг 10 гаруй саяар худалдаж авдаг. Нэг л өглөө босоод ирэхэд ТҮЦ-ээ хураалгаж, өчнөөн сая төгрөгийн өртэй болсон иргэд олон” гэж Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалмаа хэллээ. 
Түүнчлэн холбооны гишүүд, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг батлахаасаа өмнө худалдаа үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрхийг хамгаалж, тэднийг дэмжих талаар тус журамд тусгаж өгнө үү хэмээн Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон бусад төлөөлөгч нарт ил захидал илгээв.
Б.Халиун

Монгол брэнд