top banner

"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018" аян эхэллээ


2018-06-18 18:54:40
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ .Цагдаагийн ерөнхий газар, Замын Цагдаагийн албанаас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлээд байна.
Аянд Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв хамтран оролцож байна. Нээлтийн арга хэмжээг энэ сарын 20-ны өдөр "Драгон” төвийн авто зогсоол дээр зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан өдөрлөгийг зохион байгуулах юм байна. 
Тус аян нь 6 дугаар сарын 20-ноос эхэлж, ирэх 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. 
“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл 2018” аяныг хамтран зохион байгуулах байгууллагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Батжаргал “Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүнээс нас барсан, гэмтсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд осолджээ. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлэх гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байна” гэв. ГССШТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Ш.Нансалмаа  “Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 3 дугаарт осол гэмтэл ордог. Тэр дундаа зам тээврийн ослоос үүдэлтэй нас барж буй хүмүүсийн тоо ихсэх хандлагатай байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд үйлдэгддэг. Өнгөрсөн оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас барсан. Дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртсөн байдаг. 2017 онд 26 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ ардаа суулган мотоциклтой давхиж яваад, онхолдон нас барсан. Ард нь таван нялх хүүхэд өнчирч хоцорсон. Мөн 2018 оны 5 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн 3 хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд дотор нь сууж явсан 3 хүүхэд осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Тэдний хоёр нь газар дээрээ нас барж, үлдсэн хүүхэд нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн” гэв.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй 
 “НОБГ, НЦГ, ЗЦА-ны алба хаагчид бид бүхэн ард иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын төлөө хамтарч ажилладаг. НОБГ-ын бие бүрэлдэхүүн энэхүү аяныг дэмжиж ажиллана. Хотын соёлд замын хөдөлгөөний соёл байх ёстой. Замын хөдөлгөөнд соёлтой оролцсоноор иргэн хүний амь насыг хамгаалах, осол гэмтлийг бууруулах олон ач холбогдолтой” гэдгийг тодотгов. ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл "Энэ аяныг холбогдох байгуулагууд нэгдэн эхлүүлж буй нь онцлогтой. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас ослыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ энэхүү аяныг өргөтгөн зохион байгуулахаар болсон. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг. Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аянд монголын мотоциклчдын зөвлөл, чопперчдын холбоо нэгдэж буйгаа илэрхийлээд байна.

 

Ж.Батсайхан


Монгол брэнд