top banner

Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавина


2018-06-18 20:46:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолыг энэ сарын 22-нд товложээ. 

Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэрийг Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайд барихаар шийдвэрлэсэн бөгөөд тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан билээ. Уг талбай нь Сайншандаас 20 км зайтай ба шав тавих ёслолын дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.

Үйлдвэр байгуулахтай холбогдуулан Сайншандаас Алтанширээ хүртэл 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.

Ерөнхий сайдын өмнө нь мэдэгдэж байсанчлан үйлдвэр барьж байгуулах төслийн гүйцэтгэлийн үе шат бүрт “Монгол газрын тос” ТӨХК, Төрийн өмчийн бодлого зохицуулах газар болон Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг хяналт тавих юм. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ-г тус улсын төрийн өмчит “Engineers India Limited” компани гүйцэтгэсэн.

Тус үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай байх бол жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэхээр тооцоологдож буй. 

БНЭУ-ын санхүүжилтээр баригдах энэхүү үйлдвэрийн шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, БНЭУ-ын төлөөлөл оролцох юм байна.
Н.Гантуяа

Монгол брэнд