top banner

“Интерспутник” Үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд дэмжиж тусална


2018-06-19 12:49:03
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын Удирдах зөвлөл болон Үйл ажиллагааны комиссын хамтарсан хурал Улаанбаатар хотноо гишүүн орнуудын хүрээнд болж байна.
Хуучин социалист системд байсан Монгол, ЗХУ, Польш, Чехоловак, Унгар, Румын, Болгар, Куба, Ардчилсан Герман (БНАГУ)-ыг эгнээндээ нэгтгэн 1971 онд 9 гишүүнтэй байгуулагдаж байжээ. Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллага өдгөө 29 гишүүн оронтой болж, холбооны хиймэл дагуулын технологи ашиглан олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд идэвхтэй ажиллаж гишүүн орнууддаа үйлчилсээр байна.
Өнөөдөр 16 хиймэл дагуулын давтамжийн нөөцийг ашиглаж буй “Интерспутник” гишүүн орнуудынхаа үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн Улаанбаатарын хурал ч дээрх сэдвээр “NATSATTEL-2018” нэрийн дор болж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Сансрын орон зайг идэвхтэй ашиглах үйл явц хурдацтай өрнөж буй өнөөдрийн даяаршлын ертөнцөд “Интерспутник” байгууллага өөрийн үйл ажиллагаагаа сулруулаагүй, илүү идэвхтэй ажиллаж буйг юуны өмнө онцлоод “Интерспутник”-ийн зүгээс хиймэл дагуулын технологи, үйлчилгээг гишүүн орнууддаа хүртээмжтэй үзүүлж байгаагийн нэг жишээнд Монгол Улсад сансрын хиймэл дагуул, харилцаа холбооны чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэж сургахад анхаарч байна. Харилцаа, холбооны өөрийн гэсэн хиймэл дагуул хөөргөх зорилт тавиад байгаа манай улсын хувьд “Интерспутник” байгууллагын оролцоо, дэмжлэг туслалцаа чухал гэдгийг илэрхийлж, энэ талаар “Интерспутник”-ийн зүгээс манай улсад өндөр зэрэглэлийн мэргэжлийн хүмүүс ирж сансрын хиймэл дагуулын тооцоолол дээр хамтран ажиллаж байгааг жишээ татан хэлж байлаа.

Хурлын төлөөлөгчид манай улсын талаарх байр сууриа илэрхийлэхдээ “Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, хиймэл дагуулын тархац хүлээн авалт их, боловсон хүчин мэргэжилтнүүдийн хувьд монголчууд оюуны чадамж өндөр зэрэг байдал нь тус улсад хиймэл дагуулын үйл ажиллагаа хөгжих, үндэсний хиймэл дагуулын станц хөөргөх боломж их байгааг харуулж байна” хэмээн дүгнэж байв. Гурван  өдөр үргэлжлэх “Интерспутник” байгууллагын хурлаар сансрын холбооны шинэ техник технологи танилцуулж, мэргэжилтнүүдийн семинар болно. Энд тус байгууллагын гишүүн 20 орчим орны төлөөлөгчдөөс гадна сансрын технологийн салбарын тэргүүлэх компаниуд “Hughes”, ”Newtech”, “Airbus”-ын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож байна.
 
Б.Болд
 

Монгол брэнд