top banner

ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр төгсөгчид "Спасибо Россия" тоглолт хийнэ


2018-06-19 16:12:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран тус улсад 2000-2018 онд суралцаж, төгссөн соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-нд буюу маргааш Оросын Шинжлэх ухаан, спортын төвд болно.

Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан бөгөөд ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгсчээ. ОХУ-д соёл, урлаийн чиглэлээр уран бүтээлчид драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшиж буй юм.

ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байна. Түүнчлэн гадны нэр хүндтэй буюу ОХУ-ын Мариинский, Новосибирск, Перм, Улаан-Үд хотын дуурь бүжгийн театр, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.
Ж.Болор

Монгол брэнд