Эцэг эхчүүд хүүхдээ ухаанаар шавхуурдан хурцалдаг байгаасай

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-06-19 17:24:27
Дорнод /МОНЦАМЭ/. Хэсэгхэн зуур телевизийн “гал тогоонд” ажиллахдаа Базарсадын Янжим гэх эмэгтэйтэй танилцсан нь тав, зургаан жилийн өмнө юм. Тэр үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд анхаарлын гадна хаягдаж, аймгийн төсөвт ч тэдэнд зориулж тав арван төгрөг тусгадаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хэдэн зуун хүүхэд бий гэсэн сэтгэл эмзэглүүлэм тоо сонсдож, бид ч тэр талаар асуудал хөндөн дуугарч байв. Дуугараад зогсчихгүй орон нутагтаа анх удаа мэдээллийн хөтөлбөрийг дохионы хэлээр хүргэе гэж бидний хэдэн залуус шийдээд Янжим эгчтэй хэсэгтээ л хамтарч ажилласан.
Анх сэргэлэн байрын шоволзсон бүсгүй ороод ирэхэд нь “болоод явчихлаа даа” гэж бодсон нь харин дараа нь түүнийг сонсголын бэрхшээлтэйг мэдээд хачин их харуусах сэтгэлийг дотроо тээж билээ. Одоо ч тэр мэдрэмж сэтгэлд хургаад л явдаг юм. Ингээд бид хэд хэдэн удаа мэдээллийн хөтөлбөрийн тойм бэлдэх зууртаа эгч дүүс шиг дотноссон.
Долоон настайдаа хүнд өвдөж, хүчтэй эм тарианы нөлөөнөөс сонсголоо алдсан ч ярих чадварыг нь гээхгүйн тулд аав, ээж нь охиндоо хамаг бүхнээ зориулж, уйгагүй зүтгэсэн гэдэг. Түүний хүчинд дунд сургуулиа дүүргээд зогсохгүй, хоёр ч их дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөж чаджээ.
Янжим эгч миний ярьж хэлж байгааг амны хайрцгаар төвөггүй уншчихаад хариулж орхидог сон. Бүр ойлгохгүй бол үзэг, цаас бариад бичиж гарна. Энэ маягаар мөн ч ихийг “хүүрнэсэн дээ” бид хоёр. Сүүлдээ би өөрөө дохионы хэл сурмаар санагдаад байж билээ.
Тэр угаас ясны дайчин чанартай бүсгүй. Сүүлд уулзахад нийслэл хотноо Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв, Олон Улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй төслийн менежерээр ажиллаад гялалзаж явсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд тусалж, ойлголт хандлагыг нь өөрчлөх сөн гэсэндээ “Сонсголгүй эмэгтэйчүүдийн байгууллага” нээгээд удаагүй байгаа гэж тэгэхэд ярьж билээ. Харин одоо тэр Америкт ажиллаж амьдарч яваа. Цахимаар хаа нэг холбогдохдоо хэл усаа сайжруул, газар үзэж нүд тайл гэж надад захих.
Түүний байнга илэрхийлдэг үзэл бодол нь эрүүл саруул надад ч эрхгүй нэгийг бодоход хүргэдэг юм. “Эмэгтэй хүн, тэр тусмаа сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүд өөрийгөө цаг тутамд хөгжүүлж байхгүй бол өнөөдрийн энэ хурдтай нийгмээс хол хоцроход амархан. Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сайн багшид даатгачихвал боллоо гээд санаа нь амарчихдаг. Гэтэл тэр хүүхдийг аав, ээж нь л хөтөлж амьдралд дасгах хэрэгтэйг би туулсан амьдралаараа батлан харуулмаар санагдах юм. Би хөдөө хээр, малчны хотонд аав, ээжийнхээ хажууд өсөж торнихдоо мэдээллээр дутаж, гуниж гутарч байсангүй.
Харин ч тэдэнтэйгээ ойр дотно байсан учраас бусдыг хайрлан энэрэх, болж бүтэхгүй бүхнийг сөрж амьдрахын ухаанд суралцсан” гээд санаа алдана.
Энэчлэн бид хоёр урьдын л адилаараа хүн бүрийн ойлгоод байдаггүй “хүнд” сэдвүүдийн тухай удаан “ярьсан”.
Өөрийнх нь тухай бичих гэж холбогдсоноо хэлэхэд “Эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гээд тоохгүй орхих, эсвэл хэт  өрөвдөн нялхамсахын оронд ухаанаар шавхуурдан хурцалдаг байгаасай” гэж эрс хэлнэ лээ. Тийм шүү, ухаанаар шавхуурдан хурцалдаг байгаасай...
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ