top banner

Барилгын чиглэлээр төгсөгчдийн 70 хувь нь ажлын байраар хангагддаг


2018-06-19 17:47:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулах, мэргэжилтэй ажилтны ур чадварыг сурталчлах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх зорилго бүхий “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөний хүрээнд болж буй өдөрлөгт МСҮТ-ийн  85 байгууллага, 16 ажил олгогч аж ахуй нэгж оролцов. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд  85 МСҮТ-д 192 мэргэжлээр 36 мянган оюутан сурч байна. Энэ салбарыг төгсөгчид эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг баялаг бүтээгчид тул цаашид сургалтын чанарыг шинэ шатанд хүргэх зорилгоор төрөөс бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг онцлов.
Энэ үеэр МСҮТ-ийн багш, төгсөгч, ажил олгогчдоос сэтгэгдлийг нь сонов.
Барилгын политехник коллежийн өрөг угсралтын багш Л.Эрдэнэчулуун, “Мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуус ажлын байртай болох боломж өндөр байдаг. Тухайлбал, барилгын чиглэлээр төгсөгчдийн 70 хувь нь ажлын байраар хангагддаг. Мөн манай улсын баг өнгөрсөн онд Дэлхийн ур чадварын тэмцээний 6 төрөлд амжилттай оролцсон. Түншлэгч байгууллагуудын зүгээс энэ тэмцээнд амжилт үзүүлсэн мэргэжилтнүүдийг шууд ажлын байраар хангах боломжийг олгодог” гэлээ.
Мөн тус сургуулийн төгсөгч Ц.Мягмарсүрэн, “Би 2014 онд барилга  угсралтын чиглэлээр сурч төгссөн. Энэ хугацаанд Арабын нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон. Одоо “Хурд групп” компанид  ажиллаж байна.  Өөрийнхөө хүссэн мэргэжлээр сурч цаашид хөгжүүлснээр ажилтад хүрэх боломжтой" гэв.
“Бэст буйдан” компанийн ерөнхий захирал Ү.Батбаяр, “Манай компани “Монголын ур чадвар тэмцээн”-ийг ивээн тэтгэж, өнөөлөр 8 мэргэжлээр нээлттэй ажлын байр зарласан. Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ гарч байна. Урьд нь бид компани дотроо ажилтнаа бэлтгэдэг байсан. Одоо МСҮТ-үүдтэй хамтарч залуу үеийнхнийг мэргэжилтэй болгох, чадавхжуулах зэргээр дэмжин ажиллаж байна” хэмээв.
Өдөрлөгийн үеэр “Монгол ур чадвар 2018 тэмцээн”-ийг гагнуур, оёдол, барилга угсралт зэрэг 8 мэргэжлээр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулаа. Уг тэмцээнд тэргүүн байр эзэлсэн оролцогчид  Мэргэжлийн боловсролын суралцагч, төгсөгчдийн олимп болох “Дэлхийн ур чадвар 2019” тэмцээнд оролцох боломжтой болох юм. Манай улс ирэх онд уг тэмцээнд 3 дахь жилдээ оролцоно.
 
О.Болорцэцэг
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд