top banner

Ч.Хүрэлбаатар: "Оюу Толгой"-той холбоотой болгоомжлол бүхий заалтуудыг буцаалаа


2018-06-20 13:09:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг "унагаж", төсөл санаачлагчид нь буцаасан. Харин Засгийн газрын зүгээс хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дахин өргөн барихдаа ямар ямар өөрчлөлт оруулж байна? Хэлэлцүүлгийн үеэр Оюу Толгойд ээлтэй заалт орсон гэж гишүүд ихээхэн шүүмжилж байсан.

-Энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Г.Тэмүүлэн, Ч.Улаан нарын гишүүд хэд хэдэн байр суурийг хөндөж ярьсан. Дараа нь гишүүдтэй уулзаж, Оюу Толгойтой холбоотой санаа зовниж байгаа асуудлуудаар саналаа өгөхийг хүссэн. Гишүүд саналаа ирүүлснийг нэг бүрчлэн судалж, хэлэлцсэн. Нэгдүгээрт, буруу ойлголтын асуудал байна. Тухайлбал Улсын дээд шүүхээс хоёр ч тайлбар гарсан зүйлийг хуулийн төсөлд оруулсныг гишүүд хуучин заалтыг өөрчилсөн гэж ойлгосон байсан. Үндсэн гол өөрчлөлт бол элэгдэл хорогдлыг тооцох хугацаа байсан. Өөрөөр хэлбэл элэгдэл хорогдлын хугацаагаар төлөх татвараас хувилдаг. Тиймээс Барилга байгууламж, газрын тохижилтын элэгдэл хорогдлыг тооцох хугацааг өмнөх хуульд 40 жил байсныг 25 болгож бууруулсан. Тухайн нэг компани хөрөнгө оруулалт хийвэл жилд зардлаас хасагдах хувиа 40-д биш 25-д хуваах уу гэдэг л асуудал. Бизнест хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж авахад л анхаардаг. Дэлхий нийтийн жишиг элэгдэл хорогдол тооцох хугацаа 20 жил байдаг. Монголд 2 дахин их буюу 40 жил байсныг 25 болгож оруулж ирснийг Оюу Толгойд давуу байдал үүсгэж болзошгүй гэцгээж байна лээ.  Тиймээс нэгэнт ийм хардлага сэрдлэгтэй байвал Уул уурхайн салбарт элэгдэл хорогдол тооцох хугацааг буцаагаад 40 хэвээр байхаар боллоо. Уг нь Монголд хөрөнгө оруулагчид богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж авч байвал хөрөнгө оруулалт улам нэмэгдэнэ.

Хоёрдугаарт Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд анхдагч болон хоёрдогч зах зээл дээрээс гаргасан үнэт цаас, түүний ашиг орлогоос суутгах татварыг 5 болгож бууруулсан байсан. Үүний гол зорилго нь бизнес эрхлэгчид банкнаас зээл авах бус хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох боломжийг олгох байсан юм. Зээлийн хүү өндөр энэ үед бага хүүтэй эх үүсвэрүүд орж ирээсэй гэж бодож оруулсан. Бас үүнийг Оюу Толгойтой холбож болгоомжлол байгаа учир мөн энэ заалтыг уул уурхайн салбарт хамаарахгүй байхаар буцаалаа. Бусад өөрчлөлт хэвээрээ. 

-Хуулийн төслийг өргөн барихаас өмнө маш олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Тэр үеэр хөндөгдөөгүй юу?

-Хуулийн төсөл буцаасны дараа их олон асуудал үүсч эхэлсэн. Хуулийн төслийг өргөн барихын өмнө улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, хувийн хэвшлийнхэн, олон салбарын төлөөлөл оролцуулж, Татварын хуультай холбоотой санал гаргаж болох бүх хүнтэй бид хэлэлцүүлэг хийсэн. Эцэст харахад хэлэлцүүлэг хийх ямар шаардлага байгаа юм бэ, гишүүдтэйгээ л ажиллаад баталчих нь зүгээр гэсэн буруу практик гарч ирж байна. Олон нийтээр хэлэлцүүлдэг, ил тод болгодог энэ жишгийг үгүй хийх л практик болж байна. Биднээс яах гэж санал авч хэлэлцүүлэгт оролцуулсан юм бэ гэсэн шүүмжлэл их ирж байна. МҮХАҮТ-аас олон ААН хүлээж байсан хуулийг буцаасныг шүүмжилж, цаашид шуурхайлан хүсэлт ирсэн учир Засгийн газар дахин хэлэлцэж өргөн барих болж байна. 

-“Оюу  Толгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон МакРейн гарын үсэгтэй Монгол дахь Америкийн худалдааны танхим "АмЧам"-аас захидал гишүүдэд ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүдээс нэлээд шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэх явцад гарах шиг боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-"АмЧам"-ын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Яагаад гэвэл Монгол Улсын татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд, харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх замаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь эргээд үндэсний ААН-үүдийн хүсч хүлээж байсан хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй.

-Дотоодын аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх заалт хумигдмал, ЖДҮ-үүдэд сөргөөр нөлөөлөх заалтууд байна гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Энэ тухайд?

-Жижиг дунд бизнесийг хамгийн их дэмжиж байгаа хууль бол энэ. Сөргөлдөх ямар ч зүйл заалт байхгүй. Үүнийг би анхнаас нь ч, хэлэлцүүлгийн явцад ч хэлж байсан.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд