top banner

Төр, засгаас ойн нөхөрлөл, үйлдвэрлэгчдийг мэргэшүүлэхэд анхаарч дэмжиж байна


2018-06-20 13:59:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөр ойгоо хамгаалахаас гадна ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулж ажлын байр бий болгох боломжуудын талаар хэлэлцэв.
ХХААХҮЯ, Монголын Ойчид, мод үйлдвэрлэл эрхлэгчийн холбоо хамтран зохион байгуулж буй зөвлөлгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг болон нийслэлийн ой мод үйлдвэрлэл эрхлэгчид, ойн нөхөрлөл болон төрийн болон ТББ-ын 150 орчим төлөөлөл оролцож байна. Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэдээллээр манай орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 12.2 мянган га байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувьтай тэнцэж, ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгнөөс бүрдэж 84.7 хувийг навч, шилмүүст, 15.3 хувийг заган ой эзэлж байна. Үндэсний баялаг болсон дээрх ойн нөөцийг хамгаалахаас гадна ойгоо зүй зохистой ашиглах талаар ярилцаж буй дээрх зөвлөгөөн дээр БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай уулзаж зарим зүйлийг тодруулав.

-Ойн нөхөрлөл, мод үйлдвэрлэл эрхлэгчдийг төр, засгаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Нөхөрлөлүүдийг анх ойг эзэнтэй байлгаж, харж хандах зорилгоор иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулсан юм. Одоогоор ойг цэвэрлэж, тодорхой хэмжээний ашиг гаргах тал дээр ажиллаж байна. Төр, засгаас энэ тал дээр ойг ашиглаад хамгаалах гэдэг бодлого барьж байгаа. Дэмжлэгийн хувьд нөхөрлөлүүд мэргэжлийн бус байгууллага байдаг учир бид тухайн нөхөрлөлийн гишүүдийг мэргэшүүлэх, ойн чиглэлээр сургах тал дээр анхаардаг. Ер нь ойн нөхөрлөлүүд тодорхой хэмжээгээр чадавхжаад ирсэн нөхцөлд дараагийн шатны мэргэжлийн байгууллагын хэлбэр рүү шилжих бололцоо манайд нээлттэй бий. Яамны зүгээс мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөл өгье гэхээр ойн нөхөрлөлүүд тийм шууд үйл ажиллагаа явуулахад хараахан бэлэн болоогүй байгаа тул НҮБ-ын ХХААБ-тай хамтраад эхний ээлжинд ойн нөхөрлөлүүдийг чадал, чадамж, бололцоо боломж, хүн, хүчний нөөцөөр нь ангилж байна. Ингэж байж бид нөхөрлөлүүдийн эрхзүйн талын бодлогоо тодорхойлно, нөхөрлөлүүдийн байдал ч ил харагдана.
Ойгоос гарах ашгийн тухайд нэг жишээ хэлэхэд БОАЖЯ-ны захиалга, АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй “Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төсөл гэхэд ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, тэднийг зөвхөн ой хамгаалж зүй зохистой ашиглуулахаас гадна нөхөрлөлүүдийн хэмжээнд модон бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэл явуулж амьжиргаагаа дээшлүүлэх, ийм техник, технологи сургаж ажил хөдөлмөр эрхлүүлж байна. Нөхөрлөлийн гишүүд унанг модоо цэвэрлэх эрхтэй болж, улмаар үмхэрч хатсан модыг түлш болгон уурын зууханд нийлүүлэх, ёзоор модоор дээврийн хавтан хийх, ойгоосоо жимс жимсгэнэ түүж боловсруулан чанамал хийж борлуулах зэргээр ажиллаж бүр хоршооны хэлбэрт шилжин нэгдэж байна. Энэ нь төслийн зүгээс ойн нөхөрлөлийн гишүүдэд байгалийн дагалдах баялгийг ашиглах, мод бэлтгэх, технологид сургах зэрэг сургалтууд явуулсны үр дүн юм.
-Манай улс ойгоо яаж хамгаалж байна вэ. Хамгийн ойрын жишээ гэхэд Тэрэлжийн ой хорхой шавьжинд идэгдээд харлаж байна?
-Улсын хэмжээнд жилдээ бид хортон шавьжтай тэмцэж хамгаалах ёстой ойн тал хувьд нь ч хүрч ажиллаж чадахгүй байна. Нийт ой болохоо байгаад хамгаалахад хүрсэн гэж үзвэл тийм биш, энэ бол харьцангуй ойлголт. Өнгөрсөн оны байдлаар 15 аймгийн 40 гаруй сумыг хамарсан 500 мянган га талбайд шавжны хөнөөлийн голомт үүсч байсан. Энэ жил дээрх талбайн 218 мянган га-д л устгал хийхээр төлөвлөгдөөд явж байна. Бүрэн хийж чадахгүй байгаа нь техник технологи, хөрөнгө санхүүгийн бололцоо, хүн хүчний дутагдалтай холбоотой. Тэрэлжийн ойн тухайд цацсан хорны сонголт дээр маргаантай зүйл гарсныг нягтлаж, ер нь хорны нөлөөлөл, үйлчлэл дээр энэ зун яамнаас судалгаа хийж байгаа. Хорны нөлөөлөл тухайн ойн хэм шинж, талбайн хэмжээ, түвшингээс хамаараад байгаа тал бий.
Тодруулга: Манай улс мод, модон материалын хэрэгцээний 45 орчим хувийг ойгоо ашиглан дотоодын үйлдвэрлэлээр хангаж, энэ салбарт 400 гаруй ААН, 6000 орчим хүн ажиллаж, жилд 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гаргадаг байна
Б.Болд

Монгол брэнд