top banner

Хуванцар савыг ахуйн зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна гэв


2018-06-20 16:57:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тодруулбал, “Заша өвс төв” ТББ болон 927 иргэнээс аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалттайгаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа тул тус асуудлыг төрийн бодлогын төвшинд авч эрхзүйн  орчныг боловсронгуй болгох хүсэлтийг Байнгын хороонд ирүүлжээ.

Монгол Улсын сав баглаа боодлын нийт хэрэглээний 70 хувийг импортоор хангадаг бөгөөд жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын сав боодлыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, Япон, Итали, Их Британи зэрэг улсаас импортолж байна. Нийт 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас шингэн зүйл  хийх зориулалтын хуванцар сав үйлдвэрлэх  чиглэлээр 15  аж ахуй нэгж бий. Худалдааны  төвүүдэд худалдаалагдаж буй савны 67 хувь нь хуванцар савны олон улсын ямар нэгэн тэмдэглээгүй байдаг аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс  2008 онд хийгдсэн судалгаагаар ус хадгалж буй хуванцар савны хар тугалгын хэмжээ  ДЭМБ-ын зөвлөмж болон МNS 900:2005 үндэсний стандартад заагдсан хэмжээнээс 1800-6900 дахин их. Хадгалалтын хугацаа ихсэх тусам хуванцар савнаас усанд шилжих химийн бодисын агууламж өсч байгааг тогтоожээ.

УИХ-ын гишүүн, УИХ-дахь Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар ашиглаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд цаашлаад орчны бохирдолд ноцтой нөлөө үзүүлж байна. Энэ асуудалд хариуцлага, хяналт хоёрыг хэрэгтэй байгаа учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуванцар савны хэрэглээ ялангуяа гэр хороолол, хөдөө орон нутагт маш их байна. Эрүүл мэндийн яамны зүгээс  ЕБС-иудын Эрүүл мэндийн хичээлээр хуванцар савны хор уршгийн талаар оруулдаг болгох, харин УИХ, Засгийн газрын төвшинд хуулийг чангатгах асуудлыг ярих цаг болсон. Мөн орон нутгийн удирдлагуудтай хамтран холбогдох яамдууд хяналтаа сайжруулж, богино хугацаанд  цэгцлэх  цаашлаад хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглох ажлыг бид хийх болно" гэлээ.

“Заша өвс төв” ТББ-ын тэргүүн Р.Нямдорж "Хуванцар савыг олон улсад аюултай хог хаягдалд тооцдог учир шууд устгадаг. Ахуйн зориулалттай хэрэглэхийг хатуу хориглодог олон улсын нийтлэг жишиг бий. Гэтэл Монгол Улс хүнсний ахуйн хэрэглээндээ 100  гаруй химийн хорт бодис агуулсан хуванцар савыг хэрэглэж байна. Сүүлийн 25 жилд Монгол Улсын иргэдийн хорт хавдрын өвчлөлийн стандартын төвшин 58 хувиар өссөн байдаг. Гэтэл энэ хугацаанд аюултай хог хаягдал болох хуванцар савыг бид өдөр тутмынхаа хэрэглээний нэг болгоод хэвшчихсэн. Өөрөө өөрсдийгөө химийн хүнд металлын бохирдолд оруулж, хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болж байгаагаа огтхон ч мэддэггүй. Хуванцар савны хэрэглээг халахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хуванцар саванд агуулагдах химийн хорт бодисууд нь тухайн  хадгалж байгаа бүтээгдэхүүнд шууд шингэдэг. Тухайн хэрэглэгч зөвхөн хар тугалгаар хордож байгаа юм биш. Төрийн  бодлогын төвшинд алдагдсан  жижиг асуудал ард түмний амьдралд хэдэн зуун мянган том асуудал болдгийн жишээ бол хуванцар савны зах замбараагүй хэрэглээ  юм" гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог бууруулах зорилгоор модон хувин, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага, цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, зохистой хэрэглээ, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөллийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, хэлэлцүүлэг хийх, гарын авлагаар хангах шаардлагатай" гэж онцолж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле "“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 168 дугаар тогтоолоор “Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсийн жагсаалт”-ыг батлуулсан. Уг тогтоолын хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлд шаардагдах импортын тоног төхөөрөмж гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн. “Хөх сав, канистергүй аймаг, сум” хөдөлгөөн өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг дарга нартай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгуулсан. Сав, баглаа боодол нь тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, брэнд бий болгох, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон гэдгийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таниулах шаардлагатай" гэв. 

Мөн БОАЖЯ, МХЕГ-ын төлөөлөл мэдээлэл өгсөн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон албаны хүмүүсээс гарсан саналыг нэгтгэн ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Н.Гантуяа

Монгол брэнд