top banner

МУЗН-ийн дунд, анхан шатны хороодын туршлага солилцох уулзалт боллоо


2018-06-21 15:54:34
Зураг
Увс /МОНЦАМЭ/. МУЗН-ийн дунд, анхан шатны хороодын туршлага солилцох уулзалт, “Хүмүүнлэг үйлсэд малчдын оролцоо” сэдэвт сургалт зөвлөлгөөн энэ өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү үйл ажиллагаанд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй найман аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн УЗХорооны дунд шатны дарга нар урилгаар ирж оролцсон юм.
Мөн аймгийн 19 сумын болон зургаан байгууллагын дэргэдэх 25 анхан шатны хороодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар оролцлоо. Туршлага солилцох уулзалтын эхний өдрийн арга хэмжээ Тариалан суманд болсон бөгөөд энэ үеэр тус сумын анхан шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм. Энэ үеэр хотон ястны урлаг соёлын арга хэмжээ болж, бий биелгээгээрээ алдартай Тариалан сумынхан ирсэн гийчдийнхээ сонорыг мялаалаа. Харин дараагийн өдрийн арга хэмжээ аймгийн төвд болсон бөгөөд нийт оролцогчид Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм. Аймгийн “Ойрад” театрт болсон малчдын зөвлөлгөөнд сум сумаас ирсэн 80 гаруй нигүүлсэнгүй үйлст манлай малчин оролцсон бөгөөд энэ үеэр зарим малчдыг аймаг орон нутгийн болон МУЗН-ийн шагналуудаар шагнаж урамшууллаа.
Зөвлөлгөөнөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж малчдад мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, гамшгийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, авах арга хэмжээ, малчдын нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, байгаль цаг уурын өөрчлөлт зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Увс аймгийн УЗХороо нь 62 жилийн түүхтэй, Монгол Улсын дунд шатны УЗХороодоо манлайлан ажилладаг түүхэн туршлагатай байгууллага юм. Тус УЗХороо нь өнгөрсөн он жилүүдэд МУЗН болон Олон улсын улаан загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран малчдад туслах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж иржээ.
Б.Батхүү

Монгол брэнд