top banner

Хэнтий аймагт 3400 гаруй иргэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байна


2018-06-21 16:42:48
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт ашигт малтмалын 62 орд, 259 илрэл, 360 эрдэсжсэн цэг илэрсэн байдаг. 2011 оноос 2018 он хүртэлх хугацаанд найман сумын нутаг дэвсгэрт 37 нөхөрлөлийн 3470 гаруй иргэд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байна.

2017 оны байдлаар хүчин төгөлдөр бүхий ашигт малтмалын хайгуулын 448, ашиглалтын 130, нийт 578 тусгай зөвшөөрөл 44,8 мянган га талбайг хамарч байгаа нь нийт газар нутгийн 26.1 хувийг эзэлж байгаа юм.

Гэвч 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд 258,21 га-д техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн нь нийт хийвэл зохих талбайн 10 хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай.

Тиймээс Монгол орны хүн ардыг уул уурхайн шийдвэр гаргалтад идэвх санаачлагатай байлган, байгаль орчноо хамгаалж, мал сүргээ өсгөх нөхцлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшил, ард иргэдийн оролцоог сайжруулах зорилготой төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээд байна. “Уул уурхайн шийдвэр гаргалтад ард иргэдийн оролцоог сайжруулах нь” төслийн үр дүнгийн талаар саяхан хэлэлцэв. Уг хуралд 15 сумын Засаг дарга, тухайн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөл, сумдын байгаль хамгаалагчдаас бүрдсэн 100 гаруй хүн оролцлоо. Дэлхийн байгаль хамгаалах газар болон Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төсөл ирэх наймдугаар сард дуусах юм.

Төслийн хүрээнд гурван чиглэлээр томоохон судалгааны ажил хийгджээ. Нэгдүгээрт; Уул уурхайтай холбоотой эрхзүйн зохицуулалтын талаар судалсан байна. Мөн талууд хамтран ажиллахад хүндрэл үүсгэж буй асуудлуудыг тодорхойлжээ. Хоёрдугаарт; 500 гаруй иргэдийг хамарсан нийгмийн судалгаа явуулжээ. Гуравдугаарт; Байгаль орчны менежмент, байгаль орчны үнэлгээ, аймаг, орон нутагт хэрхэн хэрэгжиж буй талаарх судалгааг хийжээ. Байгаль орчны компаниудын тайланг тусгаж, дүгнэлт хийсэн байна.

Хэнтий аймгийг ногоон бүс болгох, уул уурхайн зөв хөгжлийг бий болгоход төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагууд, иргэдийн  оролцоо, тэдний хамтын ажиллагаа хамгаас чухал хэмээн хуралд оролцогчид хэллээ.
Д.Одонтунгалаг


Монгол брэнд