top banner

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 591.1 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ


2018-06-21 17:30:55
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэлийг батлах тухай” тогтоол, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хэлэлцүүлгийг хийв.

Танилцуулгад, улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1646 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 5058 байгууллага, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан болон Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг тусгасан байна. Мөн татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 7.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 591.1 тэрбум төгрөгөөр давсан байна. Харин төсвийн зарлага 9 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ний 6.4 хувь буюу 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үндэсний аудитын газраас Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн дүгнэлтээр анх удаа “зөрчилгүй” гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр, Үндэсний аудитын газраас АСЕМ-д зарцуулсан хөрөнгөнд шалгалт хийж, ихээхэн зөрчил илрүүлснийг О.Баасанхүү гишүүн дурдаад, зөрчил гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцож, хэдэн хувийг эргүүлэн төлүүлж байгааг тодрууллаа. Мөн өнгөрсөн онд “Оюу толгой” компани хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлснийг асуув. Аудитын байгууллагаас 2017 онд АСЕМ-тай холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсний 17 албан тушаалтантай холбоотой 290 тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагад шижлүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд төсвийн хөрөнгө хяналтгүй зарцуулсан байх магадлалтай 447 албан тушаалтныг хуулийн байгууллагаар шалгуулж байгааг Үндэсний аудитын газраас хариуллаа. “Оюу толгой” компани 2017 онд нийт 346 тэрбум төгрөгийн татвар төлснийг Сангийн сайд хэллээ.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 
Н.Гантуяа

Монгол брэнд